Бидний ажлын арга барил
‘Бидний ажлын арга барил’ бол бидний бизнесийн үйл ажиллагаандаа баримталдаг хэм хэмжээ юм. Үүнээс гадна бидний шийдвэр гаргах, ажил хэргээ явуулах зарчим, арга барилыг дэлгэрэнгүй тусгасан олон бодлого, стандарт, журам үйлчилж байдаг.
“Бидний ажлын арга барил” нь бизнесийн үйл ажиллагаагаа ёс зүйтэй, шударга явуулах бидний зорилтыг тусган харуулсан бөгөөд компанийн засаглалын өндөр стандартыг даган мөрдөж, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахыг шаарддаг.
“Бидний ажлын арга барил”-аас гадна маш олон стандарт байдаг бөгөөд тэдгээр стандартууд нь Хүндэтгэл, Ёс зүй, Хамтын зүтгэл, Хариуцлага зэрэг бидний гол үнэт зүйлсэд суурилсан байдаг.
“Оюу толгой”-д ажилладаг хүн бүр “Бидний ажлын арга барил, ёс зүйн болон хууль дүрмийн хэрэгжилтийн бусад стандартын талаар ойлгож мэдсэн байх ёстой бөгөөд тэдгээрийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг.
“Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлсийг бүтээлцэх” нь бидний эрхэм зорилго. Харин уг зорилгодоо хүрэхийн тулд шударга, тогтвортой байдлаар ажиллах ёстойг “Бидний ажлын арга барил” бидэнд өдөр тутам сануулж байдаг.
Аюулгүй ажиллагаа ба эрүүл мэнд
Бид дор бүрнээ аюулгүй ажиллаж,холбогдох стандартыг сахин мөрдөж, орчин тойрныхоо хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаанд анхаарч ажиллах үүрэгтэй.
Бид бүгд өдөр бүр ажлын бүрэн чадвартай байх үүрэгтэй. Энэ нь Рио Тинтод ажил үүргээ гүйцэтгэхдээ согтууруулах ундаа эсвэл мансууруулах бодисын нөлөөнөөс ангид, сайн амарсан, ажил үүргээ гүйцэтгэх биеийн болон оюуны чадвартай байна гэсэн үг.
Бид хамтран ажилладаг зөвлөх, төлөөлөгч, гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч болон бусад этгээдүүдээс манай эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны шаардлагыг хүндэтгэж, сахин мөрдөхийг хүсэн хүлээдэг.
Хамт олон маань ажлаа гүйцэтгэх явцдаа өөрсдийн эсвэл бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байна гэж үзвэл бид ажлыг нь зогсоож, энэ талаар мэдээлэх үүрэгтэй.
Хөдөлмөрийн харилцаа ба оролцоо
Бид ялгаатай байдлыг үнэлж, арьсны өнгө, хүйс, иргэний харьяалал, үндэс угсаа, шашин шүтлэг, нас, бэлгийн чиг хандлагаас нь үл хамааран бүх ажилтан, түншүүдээ эн тэнцүү хүндэтгэж харьцдаг.
Бид хүний нэр төрийг нь эрхэмлэж, хүндэтгэлтэй хандах ёстой гэж үздэг. Манай ажлын байранд ямар нэгэн хэлбэрээр дээрэлхэх, айлган сүрдүүлэх, дарамтлах явдлыг тэвчихгүй.
Бид хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тухайн улс орны хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээрийг сахин биелүүлэх үүрэг амлалт авсан. Бид үйлдвэрчний эвлэлд нэгдэх, хамтын хэлэлцээ хийх эрхийг хүлээн зөвшөөрдөг.
Бид хөгжиж буй улс орнуудаас олборлосон эрдэс баялгийн эдийн засгийн үр ашгийг орон нутгийн ард иргэдтэй хуваалцахын тулд тухайн улс орны засгийн газруудтай хамтран ажилладаг. Үүнд орон нутгийн ажил эрхлэлт, боломжтой бол орон нутгийн худалдан авалтыг дэмжих ажил орно.
Хүний эрх
Бид НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дэмжиж, үйл ажиллагаа явуулж буй газар бүртээ эдгээр эрхийг хүндэтгэн ажилладаг. Бид НҮБ-ын бизнес ба хүний эрхийн талаар баримтлах зарчмуудад нийцсэн үйл ажиллагаа явуулах үүрэг амлалт авсан. Өөрөөр хэлбэл бид шууд болон дам байдлаар хүний эрхэд ямар сөрөг нөлөөлөл учруулж байгаагаа олж тогтоох, тэдгээр нөлөөллийг зохицуулах шаардлагатай гэсэн үг.
Бид ханган нийлүүлэгчдээсээ ч мөн адил хүний эрхийн стандартыг сахин мөрдөхийг хүсдэг. Бид хүүхдийн хөдөлмөр, хөдөлмөрийн мөлжлөг, албадмал хөдөлмөрийн аливаахэлбэрээс татгалздаг. Бид өөрсдийн бизнесийг хөдөлмөрийн мөлжлөг, хүүхдийн хөдөлмөрийн аливаа хэлбэрээс ангид байлгаж, хангамжийн сүлжээгээ олон улсын стандартад нийцүүлэхийн тулд шаргуу ажилладаг.
Бид аюулгүй байдлаа хангахдаа хүний эрхийг зөрчихөөс сэргийлэхийн тулд аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэгч хувийн болон олон нийтийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Бид ажлын талбайнхаа аюулгүй байдлыг хангахдаа галт зэвсэг хэрэглэхийг аль болох хязгаарладаг.
Мэдээллийн нууцлал
Бид зөвхөн хууль ёсны бизнесийн зорилгод шаардлагатай болсон тохиолдолд л хамт олон, оролцогч талууд, бизнесийн түншүүд, ханган нийлүүлэгчид, худалдан авагчид болон тэдний гэр бүл, ойрын төрөл садны хувийн мэдээллийг цуглуулж, тэдгээр мэдээлэлтэй харьцдаг. Бид өөрсдийнхөө мэдээллийг хянаж, шинэчилж, залруулах хүн бүрийн эрхийг хүндэтгэдэг.
Зөвхөн хууль ёсны бизнесийн хэрэгцээ гарсан эсхүл хуулийн дагуу шаардсан тохиолдолд л хувийн мэдээллийг бусадтай хуваалцана. Ингэхдээ хувийн мэдээлэл хүлээн авч буй этгээд тухайн мэдээллийг нууцлах ач холбогдлыг ойлгож байгаа эсэхэд анхаарна.
Бид манай мэдээлэлтэй танилцах буюу боловсруулах аливаа этгээдтэй хамтран ажиллахдаа мэдээллийн нууцлалд тавигдах шаардлагууд болон тэднээс хүсэн хүлээж буй хэм хэмжээг тодорхой болгож өгдөг.
Ашиг сонирхлын зөрчил
Бид ашиг сонирхлын зөрчил үүсэх эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй мэт харагдахаас зайлсхийхийн тулд ул суурьтай ханддаг.
Бид ашиг сонирхлын бодит болон болзошгүй зөрчлийг урьдчилан мэдүүлдэг. Зөрчлөөс зайлсхийх боломжгүй үед бусадтайгаа зөвлөлдсөний үндсэн дээр ил тод, зохистой хэлбэрээр зохицуулна.
Бид Рио Тинтод хашиж буй албан тушаал, ажил үүргээ ашиглан далдуур өөртөө давуу байдал бий болгохыг зөвшөөрөхгүй.
Шударга өрсөлдөөн
Бид чөлөөт, шударга өрсөлдөөнд итгэдэг. Бид олон улсын хэмжээнд ёс зүйтэй өрсөлдөж, өрсөлдөөний тухай, монополийн эсрэг холбогдох бүх хууль тогтоомжийг хүндэтгэдэг.
Бид өрсөлдөгчид, ханган нийлүүлэгчид, худалдан авагчдынхаа мэдээллийг хууль бусаар олж авдаггүй, өрсөлдөгчдийнхөө талаар худал мэдээлэл түгээдэггүй.
Бид өрсөлдөгчидтэйгөө, эсвэл өрсөлдөж болзошгүйбайгууллагатай харилцахдаа бидний өрсөлдөөнд нөлөөлж болох нууцлалтай мэдээллийг тэдэнд өгдөггүй.
Хээл хахууль, авлига
Бид хаана үйл ажиллагаа явуулж байгаа, нөхцөл байдал ямар байгаа, хэн оролцож байгаагаас үл хамааран хээл хахууль санал болгодоггүй, өгдөггүй. Үүнийг бид төлөөлөгч, зуучлагчдадаа ч зөвшөөрдөггүй. Хээл хахууль нь хийх ёсгүй зүйл, зохисгүй үйлдэл хийлгэх, эсвэл хийвэл зохих зүйлийг нь хийлгэхгүй байхын тулд бэлэг, төлбөр, давуу тал өгч хэн нэгнийг ятгахыг хэлнэ. Түүнчлэн, хэн нэгэн хийх ёстой зүйлээ хийхдээ бага гэлтгүй төлбөр нэхэхийг хэлнэ.
Бид хэзээ ч хээл хахууль өгч, авдаггүй. Бид ажлаа хийхдээ бусдаас санхүүгийн, өөр бусад давуу тал шаарддаггүй, өгдөггүй. Мөн ийм давуу тал, урамшууллын нөлөө ятгалгад орж зүй бүс үйлдэл гаргадаггүй, Рио Тинтогийн өмнө хүлээсэн үүргээ зөрчдөггүй.
Нууц мэдээлэл ба дотоод мэдээллийг ашиглан арилжаанд оролцох
Нууц мэдээлэл гэдэгт бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйл явцын талаарх техникийн мэдээлэл, ханган нийлүүлэгчийн жагсаалт, үнэ, маркетингийн, үйлчилгээний стратеги, олон нийтэд мэдээлээгүй санхүүгийн тайлан, хөрөнгө худалдсан, нэгтгэсэн, худалдаж авсан тухай мэдээлэл орно.
Бид нууц мэдээллийн талаар хаана, хэнтэй ярихаа, хаана, хэрхэн хадгалахаа сайн бодож, хянамгай хандах ёстой.
Бид хувийн ашиг хөөх, давуу байдал олохын тулд ямарваа нууц мэдээллийг ашигладаггүй, задруулдаггүй.
Бид компанийн дотоод мэдээллийг бусад хүмүүстэй, тэр дундаа гэр бүл,найз нөхөдтэйгөө хуваалцдаггүй. Бид дотоод мэдээллийг ашиглан Рио Тинтогийн, гуравдагч этгээдийн үнэт цаасны арилжаанд оролцох зөрчил хэзээ ч гаргаж болохгүй.
Орон нутгийн иргэд
Орон нутгийн, бүс нутгийн ард иргэдтэй тогтоосон бидний харилцаа холбоо манай төслийн, үйл ажиллагааны нэн чухал хэсэг юм. Бид хөршүүдийнхээ соёл, амьдралын хэв маяг, өв уламжлалыг ойлгож, хүндэтгэдэг.
Бид орон нутгийн, уугуул иргэдийн газар шороо, уул устайгаа тогтоосон онцгой харилцаа, шүтэлцээг хүндэтгэдэг. Бид үйл ажиллагаагаа боловсруулж, хэрэгжүүлэхдээ тухайн орон нутгийн иргэдийг татан оролцуулж, харилцан ашигтай байхыг эрмэлздэг.
Бид НҮБ-ын Уугуул иргэдийн эрхийн тухай тунхаглалд нэгдсэн улс орнуудад үйл ажиллагаагаа явуулахдаа тус тунхаглалыг мөрдөж ажиллах бөгөөд бусад улс оронд ч гэсэн тунхаглалын зарчмыг баримтлан ажиллана. Бид 2012 оны Олон улсын санхүүгийн корпорацийн гүйцэтгэлийн стандарт 7, дагалдах зөвлөмж, мөн хууль тогтоомжид заасны дагуу уугуул иргэдийг мэдээллээр хангаж,шийдвэрийг нь чөлөөтэй гаргуулж, зөвшөөрлийг нь урьдчилж авахад зорьж ажилладаг.
Бидний үйл ажиллагаанаас учруулж болох аливаа нөлөөллийг орон нутгийн иргэдэд ойлгуулж, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг тусгасан,орон нутаг, бүс нутгийн хөгжилд анхаарсан тогтвортой хөгжлийн зохих санаачилгуудыг хэрэгжүүлэхдээ бид орон нутгийн иргэд, бусадоролцогч талуудтай хамтран ажилладаг.
Засгийн газар, олон улсын байгууллага, иргэний нийгэм
Бид улс орон бүр дэх улс төрийн үйл ажиллагааг хүндэтгэж, аль нэг улс төрийн нам, бүлгийг, аль нэг улс төрчийг дэмждэггүй. Компанийн хувьд бид намын улс төрийн асуудалд оролцдоггүйн дээр улс төрийн нам, нэр дэвшигчдэд аливаа хэлбэрээр төлбөр төлдөггүй.
Бид хувь хүний эрх, эрх чөлөөг хязгаарладаггүй. Үндсэн, гэрээт ажилтнууд чөлөөт цагаараа, өөрсдийнхөө мөнгөөр улс төрийн нам, нэр дэвшигч, кампанит ажлыг дэмжиж болно.
Манай бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөх төрийн бодлого, хууль эрх зүйн асуудалд бид оролцдог. Бид хүчтэй бодлого, хууль тогтоомж, дүрэм журам гаргахад туслахаар холбогдох мэдээлэл өгч, туршлагаасаа хуваалцдаг.
Ил тод харилцаа холбоо
Бид үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтийнхээ талаар үнэн зөв мэдээллийг оролцогч талуудтай, тэр дундаа хэвлэл мэдээллийн байгууллага, хөрөнгө оруулагчид, зохицуулах байгууллагуудтай хуваалцдаг.
Бид мэдээллийн ил тод байдлыг хангах үүргээ биелүүлж, салбартаа Рио Тинто хэрхэн дүгнүүлэхэд нөлөөлж болох томоохон мэдээллийг хуваалцана.
Бид шударга, нээлттэй харилцаа холбоо тогтоож, мэдээлэл, ойлголт, зөвлөмжөө тогтмол, бүтээлчээр хуваалцаж, хүнд хэцүү нөхцөл байдлыг зоригтойгоор хянан зохицуулдаг.
Байгаль орчин
Бид үйл ажиллагаагаа төлөвлөж, уурхай байгуулж, ажиллуулж, ашиглалтаас гаргаж хаахдаа үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээс маань байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийг ойлгож, бууруулдаг.
Бид нөөц баялагт, зах зээлд тасралтгүй нэвтрэх боломжийг бүрдүүлэхийн тулд бүтээгдэхүүний ашиглалтын мөчлөг, биологийн олон янз байдал, нүүрстөрөгч, эрчим хүчний зохицуулалт, газар, ус, агаар ашиглалт, уурхайн талбай хаах ажиллагаа зэргийг тууштай сайжруулахыг үргэлж эрэлхийлж, үйл ажиллагаа явуулж буй газар нутгийнхаа орон нутгийн иргэдтэй хамтран ажилладаг.
Оюуны өмч
Бид оюуны өмчөө (патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг, худалдааны нууц зэрэг) хамгаалж, бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй эсэхийг сайтар хянадаг.
Манай ханган нийлүүлэгч, худалдан авагч, өрсөлдөгч зэрэг бусдын оюуны өмчийг бид хүндэтгэж, зөвшөөрлийг нь авсны үндсэн дээр л оюуны өмчийг нь ашигладаг.
Компанийн өмч ба бүртгэл
Бид компанийн өмч хөрөнгө, санхүүгийн нөөцийг хувийн (үүний дотор гэр бүлийн) хэрэгцээ, ашиг тусын тулд, эсвэл ашиг сонирхлын зөрчил үүсгэх, эсвэл зохисгүй, хууль бус үйл ажиллагаанд ашиглах зорилгоор авах, ашиглах, зориулалтыг нь өөрчилж болохгүй.
Ажлаа хийхэд маань бидэнд тус дэм болгож цахим шуудан, интернет, утас зэрэг электрон хэрэгслээр хангаж ашиглуулдаг. Хэрвээ компанийн системд нөлөөлөхгүй, компанид зүй бус зардал учруулахгүй, ажил үүргээ явуулахад маань саад болохгүй бол эдгээр хэрэгслийг хувийн зорилгодоо хааяа ашиглаж болно.
Бид Группийн баримт бичиг хадгалах бодлого, журмын дагуу компанийн санхүүгийн, санхүүгийн бус бүх баримт материалын бүртгэлийг үнэн зөв хөтөлдөг.
Бидэнд зөвшөөрөл өгөөгүй бол компанийн өмч хөрөнгө, компанийн бүртгэлд өөрчлөлт, хасалт хийхийг, устгахыг хориглодог.