bg

Хэвлэл Mэдээлэл

Цаг үеийн мэдээ, онцлох үйл явдлууд болон хамтын ажиллагааны тухай

Press release

COP17 хурлыг угтан олон улсын төлөөлөгчид цөлжилтийн эсрэг чууллаа

2025.10.07

COP17 хурлыг угтан олон улсын төлөөлөгчид Даланзадгадад цөлжилтийн эсрэг чууллаа.

“ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ НОГООН ИРЭЭДҮЙ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг “Оюу толгой” компани “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийнхөө хүрээнд 2024 онд санаачлан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн хурлыг Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн хамтран 2025 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, “Оюу толгой” компанийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал, орон нутаг (ЭМААБОАБОН) хариуцсан Ерөнхий менежер Филип Абрахам нар үг хэллээ. Энэхүү хурал нь 2026 онд манай улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) угтан цөлжилттэй тэмцэхэд бодитой шийдлүүдийг хамтдаа эрэлхийлсэн ач холбогдол бүхий арга хэмжээ болсон юм.

Хуралд Монгол, Австрали, БНХАУ, Япон, Франц зэрэг улсын 200 гаруй төлөөлөгчид оролцож, цөлжилт, газрын доройтол, усны нөөцийн тогтвортой ашиглалт, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шийдлийн талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүллээ.

Үндсэн болон салбар хуралдаанаар гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын шинэхэн судалгааны үр дүн, шийдлүүд багтсан нийт 27 илтгэлийг хэлэлцлээ. Үүнд, цөлжилтийн үйл явцын шинжлэх ухааны үндэслэл, усны нөөцийн инженерийн шийдэл, хиймэл дагуул ба хиймэл оюун ухаанд суурилсан мониторингийн аргачлал, бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулах технологи зэрэг сэдвүүд багтлаа.

Хурлын хүрээнд “Боломжуудыг нээцгээе” уулзалт болон “Газрын доройтлыг тэглэх нь” зэрэг сургалтад байгууллагуудын төлөөллүүд оролцож цаашид цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллах, олон улсын хамтын ажиллагааг хэрхэн бэхжүүлэх талаар шийдлийг хэлэлцэв. Түүнчлэн хурлын үеэр байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн, 40 гаруй ханан илтгэлүүд дэлгэгдэж, оролцогчид туршлага солилцон, хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн юм.

Цаашид энэхүү эрдэм шинжилгээний хурлыг олон улсын түвшинд уламжлал болгон зохион байгуулж, салбарын мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид таамаглалаа баталгаажуулах, цөлжилтийг бууруулах шийдлээ хуваалцах урт хугацааны хамтын ажиллагааны талбар болгох нь “Оюу толгой” компанийн “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийнхөө хүрээнд эх дэлхийгээ эрхэмлэн хамгаалахад бодитой хувь нэмэр оруулах урт хугацааны бодлогын нэгэн хэсэг юм.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 онд эхлүүлсэн “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрөөрөө “Оюу толгой” компани өнөөг хүртэл нийт 3,1 сая мод бодитоор тарьж, 18,3 сая модтой дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалт, төсөл хэрэгжүүлж, нийт 21,4 мод тарьсан гүйцэтгэлтэй байна.

Одоогоор Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Цагаан Зурын голын орчимд 600 га талбайд газрын нөхөн сэргээлтийн ажил эхлүүлээд байгаа бөгөөд энэ нь 2024 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Байт уулын түймэрт өртөж доройтсон 400 га талбайд 1 сая мод тарьсан ойжуулалтын ажлын үргэлжлэл болж байна. Ирэх хоёр жилийн хугацаанд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, орхигдсон бүх талбайд “Оюу толгой” компани нөхөн сэргээлт хийж дуусгах аж.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, илтгэлүүдийн хураангуй болон ханан илтгэлийг https://gobilegacy.mn/ цахим хуудсаас үзнэ үү.