bg

Хэвлэл Mэдээлэл

Цаг үеийн мэдээ, онцлох үйл явдлууд болон хамтын ажиллагааны тухай

Press release

2025 оны дөрөвдүгээр улирлын тайлан

2026.01.29

“ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИЙН 2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАН

2025 оны дөрөвдүгээр улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.

Онцлох мэдээлэл:

Улсын төсөвт оруулсан үр өгөөж

  • 2025 онд  “Оюу толгой” компани нийт  2.34 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлсөн нь Монгол Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын* ойролцоогоор 9%-ийг бүрдүүлсэн байна.
  • “Оюу толгой” компани 2010 оноос хойш нийт 14.4 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөр хэлбэрээр улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.

Дотоодын худалдан авалт, эдийн засгийн идэвхжилд оруулсан үр өгөөж

  • Үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд  өнгөрөгч онд 8.4 их наяд төгрөг төлсөн нь өдөр бүр 23 тэрбум төгрөгийг Монгол Улсад зарцуулан, эдийн засгийн эргэлтэд оруулсан гэсэн үг юм.
  • Тус улиралд нийт 772 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 571 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 87.3 хувийг буюу 1.7 их наяд төгрөгийн худалдан авалтыг эдгээр дотоодын компаниудаас авчээ. Тухайлбал, тайлант хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж буй “Хасуд бат” компани л гэхэд нийт 71,400 хос аюулгүй ажиллагааны бээлийг үйлдвэрлэн, Оюу толгойн уурхайд нийлүүлжээ.

Компанийн удирдлагын өөрчлөлт

  • “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл олон улсад сонгон шалгаруулалт явуулсны дүнд Сүхбаатарын Мөнхсүхийг Гүйцэтгэх захирлаар томиллоо. С.Мөнхсүх нь уул уурхай, хөрөнгө оруулалт, санхүү болон иргэний нисэхийн салбарт 25 гаруй жил удирдах албан тушаалд ажилласан туршлагатай бөгөөд 2012 оноос “Оюу толгой”, 2015 оноос Рио Тинто группт ажиллаж, стратегийн төслүүд, оролцогч талуудын түншлэл, бүс нутгийн өсөлт хөгжлийг удирдан ажилласан. Тэрбээр 2026 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс үүрэгт ажлаа эхлүүлнэ. С.Мөнхсүх, ““Оюу толгой” компанийн амжилтыг дараагийн шатанд хүргэж, Монгол Улсын тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана” хэмээн онцолсон юм. https://shorturl.at/qysw6

Нээлттэй сонсгол

  • “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол 2025 оны 12 дугаар сарын 08, 10, 12-ны өдрүүдэд болж өнгөрлөө.“Оюу толгой” компанийн зүгээс Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа эхэлж, хяналт шалгалт хийх үеэс холбогдох бүхий л материал, баримтыг гарган өгч, сонсголд гэрч, оролцогчдыг оролцуулах нөхцөлөөр ханган, тавигдсан асуултуудад өөрийн боломж, мэдлэгийн хүрээнд нээлттэй, бүрэн хариулж хамтран ажиллалаа.

Тус сонсголын асуудлын хүрээ өргөн, хугацаа давчуу байсан тул бидний зүгээс шинжээчдийн дүгнэлтэд өөрсдийн байр суурийг илэрхийлэх, түр хорооны гишүүдээс тавьсан асуултуудад хариулах, бусад гэрчийн мэдүүлэгтэй холбоотой өөрсдийн байр суурийг бүрэн илэрхийлэх боломж хязгаарлагдмал байлаа. Шинжээчдийн дүгнэлтүүд, сонсголд оролцсон зарим гэрчийн тайлбар, мэдүүлэгт үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй, буруу ташаа зүйл олон дурдагдсан. Зайлшгүй шаардлагатай гэж үзсэн асуудлуудаар тайлбар, тодруулга хийсэн мэдээллийг дараах холбоосоос харна уу. https://shorturl.at/CDMpP

 

Орон нутгийн тогтвортой хөгжилд оруулсан  үр өгөөж

Үйл ажиллагаа явуулж буй орон нутагтаа тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр түншилж байна.

  • “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан” (ОТХС)-ийн хөрөнгө оруулалтаар нийт 14 км хатуу хучилттай зам тавигдсанаар Ханбогд сум нийт 25 км хатуу хучилттай замтай болж, улсдаа хамгийн урт автозамтай сум болов. https://shorturl.at/snG4Y
  • 2025 онд ОТХС‑ийн Бизнес хөгжлийн баг Ханбогд суманд орон нутгийн бизнес, ажлын байр, урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих, бодит үр өгөөж бүхий төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүллээ. Жижиг, дунд бизнесийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хүрээнд 35 аж ахуйн нэгжид нийт 2.34 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, 16 ажлын байр шинээр бий болгосон.

Аялал жуулчлалын хөгжлийг дэмжих  хөтөлбөрийн II үе шат үргэлжилж, 9 өрөөтэй зочид буудлын барилгын гүйцэтгэл сүүлийн шатандаа хүрч, угаалгын үйлчилгээний байгууламж ашиглалтад орлоо. Мөн Европын сэргээн босголт хөгжлийн банктай (ЕСБХБ) хамтран санхүүжүүлсэн жижиг, дунд үйлдвэрийн чадавх бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 25 аж ахуйн нэгжийг гурван сарын хугацаанд менторшип болон аялал жуулчлалд чиглэсэн эрчимжүүлсэн сургалтад хамрууллаа. Үүний зэрэгцээ хувийн орон сууцны туршилтын төсөл, хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай  хамтарсан олон санаачилгууд хэрэгжүүлж, нэмэлт санхүүжилт татан төвлөрүүлэн, Ханбогд сумын тогтвортой хөгжилд олон талын оролцоог ханган, бодит хувь нэмрээ орууллаа. https://shorturl.at/fC4fN

  • “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн 6,7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Ханбогд суманд ус, дулаан дамжуулах тавдугаар төв байгуулах” төслийн шав тавих ёслолыг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Уг төслийн хүрээнд Ханбогд сумын Баян хөөвөр, Галба хороололд ус дулаан дамжуулах нэгдсэн системийн барилга угсралт, нэг, хоёрдугаар хэлхээний дулаан, хэрэглээний халуун усны гол болон салбар шугам угсрах ажлууд хийгдэх юм. https://shorturl.at/k2y9j
  • “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай Говийн оюу хөгжлийг дэмжих сан (ГОХДС) Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран “Өмнөговь аймгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. 2024–2028 онд хэрэгжих тус хөтөлбөр нь эрүүл дадал хэвшил төлөвшүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон хүний нөөцийн ур чадварыг сайжруулах зорилготой бөгөөд нийт 5.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй. Хөтөлбөрийн хүрээнд:
  • 6 сая төгрөгийн санхүүжилтээр Даланзадгад суманд Диабетын төв нээж, чихрийн шижингийн хүндрэлүүдийг оношлох, эмчлэх орчин үеийн боломжийг Өмнөговь аймагт бүрдүүллээ. Ингэснээр иргэд нарийн шинжилгээг орон нутагтаа хийлгэх нөхцөл бүрдэж, цаг хугацаа, зардлыг хэмнэж байна. Төвийн үйл ажиллагааг тогтвортой байлгах зорилгоор 2024–2025 онд диабетын чиглэлээр мэргэшсэн эмч, сувилагч, сургагч багш нарыг 3 сарын сургалтад хамруулсан. https://shorturl.at/9LVJq
  • Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвд 30 гаруй сая төгрөгийн өртөг бүхий гал тогооны 13 нэр төрлийн орчин үеийн тоног төхөөрөмж хандивлалаа. 2025 оны аравдугаар сард ашиглалтад орсон тус төвд хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор энэхүү дэмжлэг нь эмнэлгийн үйл ажиллагааг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн хэвийн явуулах, хоол эмчилгээний үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулж байна.
  • Даланзадгад сумын өрхийн эрүүл мэндийн гурван төвийн олон нийтийн эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан 5 хоногийн давтан сургалтыг зохион байгуулж, онол болон ажлын байрны дадлагыг хослуулан, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэв.
  • ГОХДС нь орон нутагт ач холбогдолтой том, жижиг төслүүдийг тэнцвэртэй дэмжихийн зэрэгцээ цаашид барилга байгууламжаас илүүтэй боловсрол, эрүүл мэнд зэрэг урт хугацааны тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүдэд түлхүү анхаарах чиглэл баримталж, багш нарын чадавх болон англи хэлний боловсролыг сайжруулах 5 жилийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.
  • Өмнөговь аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд орон нутгийн засаг захиргаа болон Өмнөговь аймгийн Политехникийн коллежтэй хамтран ажилгүй иргэдийг сургах, мэргэжил олгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж, 1,500 орчим мэргэжилтнийг бэлтгэн, хөдөлмөрийн зах зээлд гаргаад байна. https://shorturl.at/zsqYS

Хүний хөгжил, сургалт боловсролд оруулсан үр өгөөж

“Оюу толгой” компани ирээдүйн чадварлаг уурхайчид, инженерүүд, салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ тууштай оруулсаар байна.

  • “Оюу толгой” компани 2021 оноос “Рио Тинто Монгол” болон Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж буй Геотехникийн хамтарсан төслөөрөө Монголын Уул уурхайн үндэсний ассоциациас олгодог “Ирээдүйн инженерүүдийг дэмжигч байгууллага”-аар шалгарлаа. Уг төсөл нь уул уурхайн салбарын өсөн нэмэгдэж буй хүний нөөцийн хэрэгцээг хангах, салбарын урт хугацааны тогтвортой байдлыг дэмжих зорилготой. Төслийн хүрээнд 2021–2027 онд 2.42 сая ам.долларын хамтын ажиллагааны гэрээ байгуулж, уул уурхайн геотехникийн инженер бэлтгэх, олон улсын судалгааны төв байгуулах ажлыг хэрэгжүүлж байна. Бакалаврын түвшинд 38 геотехникийн инженер бэлтгэснээс 19 нь “Оюу толгой” болон гэрээт компаниудад ажиллаж байгаа бөгөөд одоогоор 105 оюутан суралцаж, 47 нь бүрэн тэтгэлэгтэй байна. Түүнчлэн 2022–2023 онд геотехникийн үндсэн сурах бичиг, Rocscience программ бүхий компьютерын лаборатори, чулуулаг, хөрсний судалгааны лаборатори байгуулж, 400,000 гаруй ам.долларын тоног төхөөрөмж, сургалтын материалыг хүлээлгэн өгсөн. Үүнээс гадна 40,000 ам.долларын санхүүжилттэй дөрвөн туршилтын төсөл хэрэгжүүлж, одоогоор 200,000 ам.долларын өртөг бүхий хоёр судалгааны төсөл үргэлжилж байна. Эдгээр нь багшлах боловсон хүчний судалгааны чадавхыг бэхжүүлж, салбарын тулгамдсан асуудлыг шинжлэх ухаанд суурилан шийдвэрлэх боломжийг бүрдүүлж байна. https://shorturl.at/ynRAL
  • “Рио Тинто” групп Австралийн Квинсландийн их сургуулийн профессор Андре ван Асын удирдлага дор Монголд “Өмнийн говийн гүний уурхайн институт”-ийг байгуулж, “Оюу толгой” компанийн уурхайн цогцолборт дадлага сургалт явуулж байна. Хөтөлбөрийг 2024 онд боловсруулж, 2025-2027 онд дотоод, олон улсын мэргэжилтнүүдийг сургах юм. Сургалт нь блокчлон олборлолт, агааржуулалт, геотехник зэрэг чиглэлээр 10 модультай практик хэлбэрээр явагдаж, АНУ, Канад, Австрали, Английн эрдэмтэд удирдана. Эхний ээлжид 27 оролцогч хамрагдаж, 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдөр сертификатаа гардан авлаа. 2026 оноос эхлэн “Өмнийн говийн гүний уурхайн институт”-ийн хөтөлбөр бусад уул уурхайн компаниудад нээлттэй зарлагдан, олон улсын хэмжээний сургалтад ажилтнуудаа хамруулах боломжийг олгоно. SGUMMI
  • 2025–2026 хичээлийн жилийн Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 60 шилдэг оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь сургалтын төлбөр, сар бүрийн тэтгэмж, дотуур байрны зардлыг бүрэн хариуцахаас гадна хувь хүний хөгжилд чиглэсэн Залуусын хөгжлийн хөтөлбөрт оролцох боломжийг олгодог. “Оюу толгой” компани 2010 оноос хойш нийт 1,375 залууст сургалтын төлбөрийн тэтгэлэг олгон, тэднийг чадварлаг мэргэжилтэн, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр орууллаа.

https://shorturl.at/XLUMf

 Байгаль орчны хамгаалалд оруулсан хөрөнгө оруулалт“Оюу толгой” компанийн үйл ажиллагаа зөвхөн уурхайн талбараар хязгаарлагдахгүй Монгол орны өнцөг булан бүрд эерэг нөлөөллийг бий болгож байна.

  • “Оюу толгой” компани нь Монгол Улсын хууль, тогтоомж, холбогдох гэрээ хэлэлцээрийн дагуу ус ашигласны төлбөрөө бүрэн төлж, хяналт, дүгнэлтийг тогтмол гаргаж ирсэн. 2013 оноос хойш ус ашигласны төлбөрт нийт 218 тэрбум төгрөг төлсөн. Мөн ашигласан усныхаа 86.7 хувийг дахин ашигладаг бөгөөд нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 0.4 м³ ус нөхөн сэлбэлтээр авч хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын дунджаас гурав дахин бага үзүүлэлт юм.
  • “Оюу толгой” компанийн хүрээлэн буй орчин, ус хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүд зөвхөн уурхайн бүсээр хязгаарлагддаггүй. Бид бүс нутгийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслүүд хэрэгжүүлдэг төдийгүй малчин өрхүүд, орон нутгийн удирдлагуудтай хамтран орон нутгийн иргэдийн усан хангамжийг сайжруулах чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал,
    • Малчдын худаг сэргээн засварлах: 2022 оноос хойш нарны эрчим хүчээр ажилладаг насостой 33 бага гүний худаг сэргээн засварласан нь тухайн бүсийн мал, малчин өрхийг ундны усны найдвартай эх үүсвэрээр хангаж байна. 20 жилийн хяналт шинжилгээ, хээрийн судалгааны туршлагад үндэслэн уламжлалт шийдлийг орчин үеийн технологитой хослуулан эдгээр худгийг сэргээн засварласан.
    • Ханбогдын бэлчээрийн ус хангамж: Усны хайгуул, судалгааны үр дүнд сүүлийн 10 жилд 100 гаруй худгийг шинээр гаргасан байна.
    • Ундайн сайрыг хэсэгчлэн шилжүүлсэн төсөл: “Оюу толгой” компанийн ил уурхайн тэлэлтийн талбайтай давхцаж байсан тул Ундайн голын сайрыг хэсэгчлэн шилжүүлэх ажлыг 2013 онд эхлэн 2014 онд дуусгасан. Уг хэсэгчилсэн тохируулгыг хийснээр Ундайн голын сайрын газрын доорх урсцыг ил уурхай руу орохоос бүрэн сэргийлээд зогсохгүй урсцыг нэмэгдүүлсэн нь байнгын хяналт шинжилгээгээр нотлогддог. Үр дүнд нь хүний гараар бүтсэн “Шинэ бор овоо”-ийн булаг үүссэн. “Шинэ бор овоогийн булаг” нь жилийн турш устай “Говийн баянбүрд” болж, зэрлэг амьтан, жигүүртэн шувуудын үдлэх нэг зогсоол болоод байна.
    • Ханбогд сумын ус хангамж: Ханбогд сумын төвд 30,000-40,000 хүнийг цэвэр усаар хангах хүчин чадал бүхий ус хангамжийн системийг 2017 онд барьж, хүлээлгэн өгсөн.
    • Булгийн эх хамгаалах: Ханбогд сумын байгалийн булаг шандын эхийг хамгаалах болон Галбын говь дахь GGW20 гар худгийг автоматжуулан зэрлэг ан амьтад ундаалах усны хагалбар бий болгосон.
    • Элсэн далангийн туршилтын төсөл: Уур амьсгалын эрс тэс, хуурай нөхцөлд усыг ууршилтаас хамгаалж, газар доор хуримтлуулах далан барьж туршихаар төлөвлөж байна.
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Цагаан зүрийн гол орчимд хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, олон жил эзэнгүй орхигдсон 600 га талбайд 12 сая мод тарьсантай дүйцэх хэмжээний газрын нөхөн сэргээлт хийн, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газарт хүлээлгэн өглөө. Энэхүү нөхөн сэргээлтийн ажлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны бодлогын хүрээнд “Оюу толгой” компани санхүүжүүлж, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн компаниуд гүйцэтгэсэн юм. Ингэснээр тухайн бүс нутагт биологийн нөхөн сэргээлт хийх нөхцөл бүрдэж, Цагаан зүрийн гол унаган төрхөндөө орох эхлэл тавигдлаа. “Оюу толгой” компани өмнө нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийд 400 га, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 215 га буюу нийт 1,215 га талбайг нөхөн сэргээгээд байна. Өнгөрөгч гурван жилийн хугацаанд “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийнхөө хүрээнд нийт 36.4 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж ургуулсан байна.

https://shorturl.at/sk722

Олборлолт, үйлдвэрлэлийн тайлан мэдээлэл

  • Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.22 байснаар бид уг үзүүлэлтийг 200,000 хүн/цаг тутамд 0.23-аас доош түвшинд барих зорилтоо биелүүллээ.
  • Нийт ажилтнуудын 97.7 хувь нь монголчууд бөгөөд 24.2 хувийг эмэгтэй ажилтнууд эзэлж байна.
  • Гүний уурхайн олборлолт хоногт 52 мянган тоннд хүрч дээд амжилт тогтоон, 12 дугаар сарын дундаж олборлолт хоногт 42 мянган тонн болж өссөн өндөр гүйцэтгэлтэй байлаа. Панель 2-ын хойд хэсгийн бүтээн байгуулалт тогтвортой урагшилж, нийт 6 хүдэр буулгуурыг тэсэллээ.
  • 2025 оны зэсийн үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулахад 61%, алтны үйлдвэрлэл 121% тус тус өссөн. Эдгээр үзүүлэлт нь ил болон гүний уурхайн олборлож буй хүдрийн агуулга нэмэгдсэн, цаашлаад томоохон дэд бүтцүүд болох гүний уурхайн Хоёрдугаар анхдагч бутлуур, баяжуулах үйлдвэрийн Тавдугаар бөмбөлөгт тээрэм, хүдэр тээвэрлэх туузан дамжуурга зэргийн бүтээн байгуулалтыг дуусган, ашиглалтад оруулсантай холбоотой.
  • “Онтрэ”-гийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх асуудлаар Монгол Улсын Засгийн газартай идэвхтэй хамтран ажиллаж байна. Тусгай лицензийг шилжүүлэх хугацаанаас хамааран Панель 1 рүү хүн хүч, техникээ хуваарилж, бүтээн байгуулалтыг дахин эхлүүлэх, эсвэл Панель 2-ын Өмнөд хэсгийн олборлолтыг эхлүүлэх 2 хувилбараар уулын ажлын төлөвлөгөөгөө гарган, үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Олборлолт, үйлдвэрлэлийн хүснэгт