bg

Хэвлэл Mэдээлэл

Цаг үеийн мэдээ, онцлох үйл явдлууд болон хамтын ажиллагааны тухай

Press release

Байгаль орчны хамгаалалд оруулсан хөрөнгө оруулалт – 2025 IV улирлын тайлан

2026.01.29

Байгаль орчны хамгаалалд оруулсан хөрөнгө оруулалт

“Оюу толгой” компанийн үйл ажиллагаа зөвхөн уурхайн талбараар хязгаарлагдахгүй Монгол орны өнцөг булан бүрд эерэг нөлөөллийг бий болгож байна.

  • “Оюу толгой” компани нь Монгол Улсын хууль, тогтоомж, холбогдох гэрээ хэлэлцээрийн дагуу ус ашигласны төлбөрөө бүрэн төлж, хяналт, дүгнэлтийг тогтмол гаргаж ирсэн. 2013 оноос хойш ус ашигласны төлбөрт нийт 218 тэрбум төгрөг төлсөн. Мөн ашигласан усныхаа 86.7 хувийг дахин ашигладаг бөгөөд нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 0.4 м³ ус нөхөн сэлбэлтээр авч хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын дунджаас гурав дахин бага үзүүлэлт юм.
  • “Оюу толгой” компанийн хүрээлэн буй орчин, ус хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүд зөвхөн уурхайн бүсээр хязгаарлагддаггүй. Бид бүс нутгийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслүүд хэрэгжүүлдэг төдийгүй малчин өрхүүд, орон нутгийн удирдлагуудтай хамтран орон нутгийн иргэдийн усан хангамжийг сайжруулах чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал,
    • Малчдын худаг сэргээн засварлах: 2022 оноос хойш нарны эрчим хүчээр ажилладаг насостой 33 бага гүний худаг сэргээн засварласан нь тухайн бүсийн мал, малчин өрхийг ундны усны найдвартай эх үүсвэрээр хангаж байна. 20 жилийн хяналт шинжилгээ, хээрийн судалгааны туршлагад үндэслэн уламжлалт шийдлийг орчин үеийн технологитой хослуулан эдгээр худгийг сэргээн засварласан.
    • Ханбогдын бэлчээрийн ус хангамж: Усны хайгуул, судалгааны үр дүнд сүүлийн 10 жилд 100 гаруй худгийг шинээр гаргасан байна.
    • Ундайн сайрыг хэсэгчлэн шилжүүлсэн төсөл: “Оюу толгой” компанийн ил уурхайн тэлэлтийн талбайтай давхцаж байсан тул Ундайн голын сайрыг хэсэгчлэн шилжүүлэх ажлыг 2013 онд эхлэн 2014 онд дуусгасан. Уг хэсэгчилсэн тохируулгыг хийснээр Ундайн голын сайрын газрын доорх урсцыг ил уурхай руу орохоос бүрэн сэргийлээд зогсохгүй урсцыг нэмэгдүүлсэн нь байнгын хяналт шинжилгээгээр нотлогддог. Үр дүнд нь хүний гараар бүтсэн “Шинэ бор овоо”-ийн булаг үүссэн. “Шинэ бор овоогийн булаг” нь жилийн турш устай “Говийн баянбүрд” болж, зэрлэг амьтан, жигүүртэн шувуудын үдлэх нэг зогсоол болоод байна.
    • Ханбогд сумын ус хангамж: Ханбогд сумын төвд 30,000-40,000 хүнийг цэвэр усаар хангах хүчин чадал бүхий ус хангамжийн системийг 2017 онд барьж, хүлээлгэн өгсөн.
    • Булгийн эх хамгаалах: Ханбогд сумын байгалийн булаг шандын эхийг хамгаалах болон Галбын говь дахь GGW20 гар худгийг автоматжуулан зэрлэг ан амьтад ундаалах усны хагалбар бий болгосон.
    • Элсэн далангийн туршилтын төсөл: Уур амьсгалын эрс тэс, хуурай нөхцөлд усыг ууршилтаас хамгаалж, газар доор хуримтлуулах далан барьж туршихаар төлөвлөж байна.
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Цагаан зүрийн гол орчимд хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, олон жил эзэнгүй орхигдсон 600 га талбайд 12 сая мод тарьсантай дүйцэх хэмжээний газрын нөхөн сэргээлт хийн, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газарт хүлээлгэн өглөө. Энэхүү нөхөн сэргээлтийн ажлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны бодлогын хүрээнд “Оюу толгой” компани санхүүжүүлж, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн компаниуд гүйцэтгэсэн юм. Ингэснээр тухайн бүс нутагт биологийн нөхөн сэргээлт хийх нөхцөл бүрдэж, Цагаан зүрийн гол унаган төрхөндөө орох эхлэл тавигдлаа. “Оюу толгой” компани өмнө нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийд 400 га, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 215 га буюу нийт 1,215 га талбайг нөхөн сэргээгээд байна. Өнгөрөгч гурван жилийн хугацаанд “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийнхөө хүрээнд нийт 36.4 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж ургуулсан байна. https://shorturl.at/sk722