Орон нутгийн тогтвортой хөгжилд оруулсан үр өгөөж
Үйл ажиллагаа явуулж буй орон нутагтаа тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр түншилж байна.
- “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан” (ОТХС)-ийн хөрөнгө оруулалтаар нийт 14 км хатуу хучилттай зам тавигдсанаар Ханбогд сум нийт 25 км хатуу хучилттай замтай болж, улсдаа хамгийн урт автозамтай сум болов. https://shorturl.at/snG4Y
- 2025 онд ОТХС‑ийн Бизнес хөгжлийн баг Ханбогд суманд орон нутгийн бизнес, ажлын байр, урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих, бодит үр өгөөж бүхий төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүллээ. Жижиг, дунд бизнесийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хүрээнд 35 аж ахуйн нэгжид нийт 2.34 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, 16 ажлын байр шинээр бий болгосон.
Аялал жуулчлалын хөгжлийг дэмжих хөтөлбөрийн II үе шат үргэлжилж, 9 өрөөтэй зочид буудлын барилгын гүйцэтгэл сүүлийн шатандаа хүрч, угаалгын үйлчилгээний байгууламж ашиглалтад орлоо. Мөн Европын сэргээн босголт хөгжлийн банктай (ЕСБХБ) хамтран санхүүжүүлсэн жижиг, дунд үйлдвэрийн чадавх бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 25 аж ахуйн нэгжийг гурван сарын хугацаанд менторшип болон аялал жуулчлалд чиглэсэн эрчимжүүлсэн сургалтад хамрууллаа. Үүний зэрэгцээ хувийн орон сууцны туршилтын төсөл, хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарсан олон санаачилгууд хэрэгжүүлж, нэмэлт санхүүжилт татан төвлөрүүлэн, Ханбогд сумын тогтвортой хөгжилд олон талын оролцоог ханган, бодит хувь нэмрээ орууллаа. https://shorturl.at/fC4fN
- “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн 6,7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Ханбогд суманд ус, дулаан дамжуулах тавдугаар төв байгуулах” төслийн шав тавих ёслолыг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Уг төслийн хүрээнд Ханбогд сумын Баян хөөвөр, Галба хороололд ус дулаан дамжуулах нэгдсэн системийн барилга угсралт, нэг, хоёрдугаар хэлхээний дулаан, хэрэглээний халуун усны гол болон салбар шугам угсрах ажлууд хийгдэх юм. https://shorturl.at/k2y9j
- “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай Говийн оюу хөгжлийг дэмжих сан (ГОХДС) Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран “Өмнөговь аймгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. 2024–2028 онд хэрэгжих тус хөтөлбөр нь эрүүл дадал хэвшил төлөвшүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон хүний нөөцийн ур чадварыг сайжруулах зорилготой бөгөөд нийт 5.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй. Хөтөлбөрийн хүрээнд:
- 82.6 сая төгрөгийн санхүүжилтээр Даланзадгад суманд Диабетын төв нээж, чихрийн шижингийн хүндрэлүүдийг оношлох, эмчлэх орчин үеийн боломжийг Өмнөговь аймагт бүрдүүллээ. Ингэснээр иргэд нарийн шинжилгээг орон нутагтаа хийлгэх нөхцөл бүрдэж, цаг хугацаа, зардлыг хэмнэж байна. Төвийн үйл ажиллагааг тогтвортой байлгах зорилгоор 2024–2025 онд диабетын чиглэлээр мэргэшсэн эмч, сувилагч, сургагч багш нарыг 3 сарын сургалтад хамруулсан. https://shorturl.at/9LVJq
- Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвд 30 гаруй сая төгрөгийн өртөг бүхий гал тогооны 13 нэр төрлийн орчин үеийн тоног төхөөрөмж хандивлалаа. 2025 оны аравдугаар сард ашиглалтад орсон тус төвд хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор энэхүү дэмжлэг нь эмнэлгийн үйл ажиллагааг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн хэвийн явуулах, хоол эмчилгээний үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулж байна.
- Даланзадгад сумын өрхийн эрүүл мэндийн гурван төвийн олон нийтийн эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан 5 хоногийн давтан сургалтыг зохион байгуулж, онол болон ажлын байрны дадлагыг хослуулан, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэв.
- ГОХДС нь орон нутагт ач холбогдолтой том, жижиг төслүүдийг тэнцвэртэй дэмжихийн зэрэгцээ цаашид барилга байгууламжаас илүүтэй боловсрол, эрүүл мэнд зэрэг урт хугацааны тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүдэд түлхүү анхаарах чиглэл баримталж, багш нарын чадавх болон англи хэлний боловсролыг сайжруулах 5 жилийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.
- Өмнөговь аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд орон нутгийн засаг захиргаа болон Өмнөговь аймгийн Политехникийн коллежтэй хамтран ажилгүй иргэдийг сургах, мэргэжил олгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж, 1,500 орчим мэргэжилтнийг бэлтгэн, хөдөлмөрийн зах зээлд гаргаад байна. https://shorturl.at/zsqYS
