Онцлох мэдээлэл
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын төлөөлөл, УИХ-ын гишүүдийг Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, “Оюу” толгой компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфелдэр болон бусад удирдлага 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Оюу толгойн гүний уурхайд хүлээн авч, үйл ажиллагаагаа танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюу толгойн уурхайтай танилцах үеэрээ, “Оюу толгойн нөөцийг баялаг болгон хувиргаж, улс орон, ард түмэндээ үр өгөөж болгон хүртээхэд хүчин зүтгэж буй 20 гаруй мянган монгол залуус Та бүхнээр бахархаж байна. Монгол залуустай мөр зэрэгцэн ажиллаж, эрдэм мэдлэгээ хуваалцаж байгаа гадаад, дотоодын мэргэжилтнүүддээ бас талархаж байна” хэмээн онцоллоо.
- “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай Говийн оюу хөгжлийг дэмжих сан (ГОХДС) Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гурван сайхан хороололд орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан, 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогц бүтээн байгуулалтыг санхүүжүүллээ. Шинээр баригдсан 6-р сургууль, 33-р цэцэрлэгийн бүтээн байгуулалт гэхэд нийтдээ 24.2 тэрбум төгрөгийн төсвөөр бүтсэн нь аймгийн төдийгүй улсын хэмжээнд орон нутаг дахь боловсролын салбарт хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын нэгт зүй ёсоор орох юм.
- “Рио Тинто” групп Австралийн Квинсландийн их сургуультай хамтран байгуулсан Өмнийн говийн гүний уурхайн институтийн эхний элсэлтийн сургалт өнгөрөгч 3 дугаар сард явагдлаа. Оюу толгойн уурхайн цогцолборт дадлагын төвтэй тус институт нь Монголын болон олон улсын уул уурхайн мэргэжилтнүүдийг дэлхийн түвшинд бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 2025 онд нийт 28 оролцогчид элссэн бөгөөд 1 жилийн туршид 4 ээлжээр гүний уурхай, геотехник, уул уурхайн инженерчлэл, олборлолтын менежмент зэрэг инженерийн нарийн мэргэжлийн чиглэлээр олон улсын шилдэг туршлагад суурилсан хичээл, сургалтад хамрагдан өндөр ур чадвартай сургагч багш нарын зааварчилгаан дор бодит уурхайн орчинд дадлага хийх юм.
Байгаль орчны чиглэлд хийсэн ажлуудаас
- “Оюу толгой” компанийн санаачилгаар хэрэгжиж буй “Гүнээсээ хайрлая” усны мэдээллийн аян дөрөв дэх жилдээ үргэлжилж байна. Энэ хүрээнд усыг хайрлан хамгаалах, ариглан хэмнэх, нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр бодитой арга хэмжээ авч, үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй иргэд, судлаачид, аж ахуй нэгж байгууллагуудыг Усны шилдэг шийдлийн шалгаруулалтаараа тодрууллаа. Шалгарсан шийдлийг эздийг 2025 оны 3 дугаар сарын 21-нд Цэнхэр Алт үндэсний чуулганы үеэр зарлалаа.
- Шилдэг байгууллагаар “Дуртмал Ус” ХХК
- Шилдэг иргэнээр Д. Батдорж
- Шилдэг судлаачаар Ш. Чулуунбаатар
Тэдний санаачилга, судалгаа, технологийн шинэчлэл нь Монгол Улсын усны нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.
“Гүнээсээ хайрлая” аяны тухай: Энэхүү аяныг “Оюу толгой” компани санаачлан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын гидрогеологи, геоэкологийн холбоо, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн Геологи, гидрогеологийн салбар сургуультай хамтран хэрэгжүүлж, усны зохистой хэрэглээ, дахин ашиглалт, усны ач холбогдол зэрэг чухал асуудлуудыг олон нийтэд таниулах, гидрогеологич мэргэжлийг сурталчлах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байна.
Орон нутгийн тогтвортой хөгжлийн хөрөнгө оруулалт
- Говийн оюу хөгжлийг дэмжих сан (ГОХДС) байгуулагдсан цагаас хойш 10 жил үйл ажиллагаа явуулж байна. 2015 оноос хойш Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд 160 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс зөвхөн боловсролын салбарт чиглэсэн буюу сургууль, цэцэрлэгийн барилга барих, тохижуулах, тоног төхөөрөмжөөр хангах, багш нарыг чадавхжуулах сургалт зэрэг 169 гаруй төслийг 46.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байна. Томоохон төслүүдээс дурдвал:
- Даланзадгад сумын 1,200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг
- Ханбогд сумын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг
- Даланзадгад сумын 174 хүүхдийн 25, 26 дугаар цэцэрлэг
- “Говийн оюу – Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийн хүрээнд 2016-2024 оны хугацаанд давхардсан тоогоор 630 оюутанд нийт 1.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон.
- Аймгийн байгалийн түүхийн музейг 100 хувь санхүүжүүлэн, барилга бүтээн байгуулалтыг хийж, 2022 оны 5 дугаар сард нээсэн.
- Аймгийн хэмжээнд иргэдийн боловсролыг дэмжих зорилгоор сургалтын байгууллагын удирдлага, манлайллын менежментийг сайжруулах, бүх шатны боловсролын байгууллагын сургалтын чанарыг дээшлүүлэх хөтөлбөрийг 2024-2028 оны хооронд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг тус сангийн www.goviinoyu.mn цахим хуудас болон www.facebook.com/GobiOyuDSF Facebook хуудаснаас авах боломжтой.
Бусад
- “Оюу толгой” компани гамшгийн эрсдэлийг бууруулах, аврах ажиллагааг сайжруулах чиглэлээр төрийн болон орон нутгийн байгууллагуудтай хамтран ажилласаар ирсэн билээ. Энэ хүрээнд гамшгаас хамгаалах, онцгой байдлын үед шаардлагатай 230 сая төгрөгийн үнэлгээ бүхий төхөөрөмжийг Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-т хандивлалаа. Бид 2020 оноос хойш онцгой байдлын үед цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авахад шаардлагатай нийт 1.271 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлсийг ОБЕГ-т хандивлаад байна.
- Оюу толгойн уурхайд хиймэл оюун ухааныг ашиглан тоног төхөөрөмжийн одоогийн болон ирээдүйд гарч болох эвдрэл гэмтлийг урьдчилан мэдэх боломжтой боллоо. “Оюу толгой” компани Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Гүний уурхайн тоног төхөөрөмжийн чичиргээ болон ажиллагааны параметрүүдийг тасралтгүй цуглуулж, хиймэл оюун ухаан, машин сургалт ашиглан доголдол, эвдрэл гэмтлийг урьдчилан тодорхойлох зорилготой “Зэсийн ухаалаг үйлдвэрлэл” төслийг хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар цахилгаан экскаватор, ачигч машинууд, бөмбөлөгт тээрэм, хагас өөрөө нунтаглах тээрэм, хөвүүлэн баяжуулах танк, анхдагч бутлуур болон туузан дамжуургууд дээр цахим мэдрэгчүүд суурилуулсан. Энэхүү систем нь цахим мэдрэгчээр тасралтгүй мэдээлэл цуглуулж, өндөр нарийвчлалтай дүн шинжилгээ хийх боломж олгож байгаа юм. Ингэснээр засварын ажлыг эрт төлөвлөн, сул зогсолт, зардлыг бууруулж, найдвартай ажиллагааг хангах, урт хугацаандаа зэсийн олборлолтын үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Үйлдвэрлэлийн тайлан
- Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.14 байснаар бид 200,000 хүн/цаг тутамд 0.23-аас доош түвшинд барих зорилтоо амжилттай биелүүллээ.
- Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 шоо метр ус ашигладаг бол, “Оюу толгой” компанийн хувьд нэг тонн хүдэр боловсруулахад 0.23 шоо метр (2025 оны нэгдүгээр улиралд 0.34 шоо метр ус ашигласан) ус зарцуулдаг.
- Нийт ажилтнуудын 97.5 хувь нь монголчууд бөгөөд 23.2 хувийг эмэгтэй ажилтнууд эзэлж байна.
- Нэгдүгээр улиралд нийт 418 тэрбум төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлсөн. 2010 оноос хойш татвар, хураамж, үндэсний компаниудад төлж, НӨАТ зэрэг бусад төлбөрт 12.5 их наяд төгрөг төлжээ.
- Энэ улиралд нийт 770 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 598 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 90 хувийг эдгээр дотоодын компаниудад зарцууллаа.
- Нэгдүгээр улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.
Үйлдвэрлэлийн мэдээлэл
- 2025 онд бид зэсийн үйлдвэрлэлийг 2024 онтой харьцуулахад 50% нэмэгдүүлэхийг зорьж байна. 2025 оны хоёрдугаар хагаст баяжуулах үйлдвэрийн өргөтгөл бүрэн ашиглалтад орж, хоёрдугаар анхдагч бутлуурын барилгын ажил дууссанаар энэхүү өсөлтөд голлох нөлөө үзүүлнэ.
- Энэ oны гуравдугаар сард гүний уурхайн материал нийлүүлэлт өдөрт дунджаар 28 мянган тонн хүдэр, хамгийн ихдээ 45 мянган тонн хүрснээр зэсийн үйлдвэрлэлийн хувьд оргил сар боллоо.
- Ил уурхайн техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал сайжирснаар үйл ажиллагааны өндөр үзүүлэлттэй байсан.
- Баяжуулах үйлдвэрийн 2 шинэ тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөх ажлыг 2025 оны нэгдүгээр улиралд эхлүүлсэн бөгөөд 2025 оны хоёрдугаар улиралд үе шаттайгаар ашиглалтад оруулах төлөвтэй байна.
- Хоёрдугаар анхдагч бутлуурын барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд 2025 оны эцэс гэхэд дуусах төлөвлөгөөтэй байна.
- Үйлдвэрлэлийн хүчин чадлыг төлөвлөгөөний дагуу нэмэгдүүлснээр 2028-2036 онуудад гүний болон ил уурхайгаас жилд 500 мянган тонн зэс (Метал авалт 100%) үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна.
2024 оны 1-р улирал | 2024 оны 2-р улирал | 2024 оны хагас жил | 2024 оны 3-р улирал | 2024 оны 4-р улирал | 2024 он | 2025 оны 1-р улирал | |
Боловсруулсан нийт хүдэр (‘000 тонноор) | 10,323.33 | 10,816.57 | 21,139.89 | 8,872.83 | 11,024.59 | 41,037.31 | 9,903.25 |
Ил уурхайн боловсруулсан хүдэр (‘000 тонноор) | 9,010.65 | 9,284.01 | 18,294.66 | 7,352.01 | 8,880.98 | 34,527.65 | 7,468.92 |
Гүний уурхайн боловсруулсан хүдэр (‘000 тонноор) | 1,312.68 | 1,532.56 | 2,845.23 | 1,520.82 | 2,143.61 | 6,509.66 | 2,434.33 |
Тээрэмдсэн хүдрийн анхдагч агуулга ( Нэгтгэсэн ) | |||||||
Зэс (%) | 0.55 | 0.61 | 0.58 | 0.67 | 0.73 | 0.64 | 0.82 |
Алт (г/у) | 0.22 | 0.24 | 0.23 | 0.28 | 0.30 | 0.26 | 0.32 |
Мөнгө (г/у) | 1.50 | 1.64 | 1.57 | 1.62 | 1.77 | 1.63 | 1.87 |
Тээрэмдсэн хүдрийн анхдагч агуулга (Ил уурхай) | |||||||
Зэс (%) | 0.39 | 0.37 | 0.38 | 0.39 | 0.43 | 0.39 | 0.42 |
Алт (г/у) | 0.19 | 0.17 | 0.18 | 0.22 | 0.24 | 0.21 | 0.25 |
Мөнгө (г/у) | 1.25 | 1.12 | 1.18 | 0.97 | 1.08 | 1.11 | 1.02 |
Тээрэмдсэн хүдрийн анхдагч агуулга (Гүний уурхай) | |||||||
Зэс (%) | 1.67 | 2.02 | 1.86 | 2.05 | 1.96 | 1.94 | 2.03 |
Алт (г/у) | 0.42 | 0.62 | 0.53 | 0.61 | 0.55 | 0.56 | 0.55 |
Мөнгө (г/у) | 3.28 | 4.75 | 4.07 | 4.76 | 4.59 | 4.40 | 4.47 |
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал(‘000 тонноор) | 208.47 | 246.22 | 454.69 | 231.96 | 307.31 | 993.97 | 303.38 |
Баяжмалын дундаж агуулга (% Зэс) | 22.11 | 21.34 | 21.69 | 21.57 | 21.59 | 21.63 | 21.50 |
Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд: | |||||||
Зэс (‘000 тонноор) | 46.08 | 52.54 | 98.62 | 50.03 | 66.33 | 214.99 | 65.21 |
Алт (‘000 унцаар) | 42.75 | 46.88 | 89.64 | 50.39 | 66.32 | 206.35 | 61.53 |
Мөнгө (‘000 унцаар) | 310.78 | 362.66 | 673.44 | 324.58 | 425.91 | 1,423.93 | 402.73 |
Металл авалт (%) | |||||||
Зэс | 80.22% | 80.88% | 80.57% | 83.16% | 82.15% | 81.64% | 82.98% |
Алт | 56.98% | 57.21% | 57.11% | 62.00% | 61.13% | 59.50% | 62.06% |
Мөнгө | 61.83% | 64.43% | 63.21% | 69.40% | 67.53% | 65.79% | 69.69% |
Борлуулсан баяжмал дахь металлууд: | |||||||
Зэс (‘000 тонноор) | 43.74 | 48.29 | 92.02 | 43.62 | 62.59 | 198.23 | 57.65 |
Алт (‘000 унцаар) | 41.52 | 43.26 | 84.78 | 42.12 | 63.64 | 190.55 | 55.84 |
Мөнгө (‘000 унцаар) | 271.85 | 316.56 | 588.41 | 272.98 | 382.26 | 1,243.64 | 338.39 |
Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор) | 22,703.44 | 21,086.47 | 43,789.91 | 20,069.37 | 20,403.50 | 84,262.78 | 21,879.71 |
Борлуулсан баяжмал | 208.50 | 236.30 | 444.81 | 216.07 | 301.82 | 962.70 | 281,971.67 |