Эрүүл мэнд

Бид аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд гэсэн хоёр ойлголтыг салгаж болохгүй гэж үздэг. Ажилтнуудынхаа эрүүл мэнд, амар амгалан байдлыг хамгаалах, дэмжих, сайжруулах нь аюулгүй байдлыг нь хамгаалж буйтай адил хэмжээний ач холбогдолтой юм.

Ажлын байрны эрүүл мэндийн эрсдэлийг удирдах
Бид Рио Тинто группийн ажлын байрны эрүүл мэндийн стандарт болон Монгол Улсын хөдөлмөрийн эрүүл мэндийн хууль тогтоомжуудыг мөрдөж, эрүүл мэндтэй холбоотой эрсдэлүүдийг илрүүлэх, удирдах явцыг сайжруулдаг.

Компанийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны удирдлагын тогтолцоонд Рио Тинто группийн гүйцэтгэлийн стандартуудыг нэгтгэн, үйл ажиллагааны бүх шатанд тууштай жигд хэрэгжүүлж байна.

Мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг хянан удирдах
Ажлын байрны нөхцөлөөс үүсэх магадлалтай мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг хянах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор идэвхтэй арга хэмжээ авах болон чанартай ажлын байрны хяналтын хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд анхаарч ажилладаг.

Эдгээр нь дараах байдлаар хэрэгжинэ:

  • Ажилтны ажлын байран дахь өртөх боломжтой аюулуудыг таньж, үнэлгээ хийдэг
  • Мэргэжлээс шалтгаалсан өвчлөлд өртөх хамгийн өндөр эрсдэлтэй ажилтан болон ажил үүргүүдийг тодорхойлдог
  • Ажлын байрны тоос, дуу чимээ, чичиргээ, гар ажиллагаа болон бусад нөлөөллүүдийг хэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг
  • Хэмжилтийн мэдээллийг ашиглан урьдчилан сэргийлэх, нөлөөллийг бууруулах хамгийн шилдэг арга туршлагуудыг хэрэгжүүлдэг

Эдгээр аргуудад хортой, аюултай материалыг илүү аюулгүй болгож солих, ажлын үйл явцыг өөрчлөх, агааржуулалтын систем суурилуулах, ажлын байрны эмх цэгцийг сайжруулах болон тохиромжтой нэг бүрийн хамгаалах хэрэгсэл ашиглах зэрэг багтдаг.

Эрүүл мэндийн боловсрол, эрүүл амьдралын хөтөлбөрүүд
Эрүүл амьдралын хэв маягийг ажилтнууддаа төлөвшүүлэхийн тулд эрүүл мэндийн боловсрол олгох нь хамгийн чухал байдаг гэдэгт бид итгэдэг.

Эмнэлгийн үйлчилгээ үзүүлэгч Олон улсын СОС эмнэлгийн хамтаар бид сэтгэлзүйн эрүүл мэнд, зүрх судасны өвчин, чихрийн шижин болон бусад халдварт өвчний эсрэг мэдлэг олгох хөтөлбөр, аянууд хэрэгжүүлдэг. Эдгээр хөтөлбөрүүдийг Монгол улс дахь эрүүл мэндийн эрсдэлүүд болон Оюу толгой дахь нөхцөл байдлын судалгаан дээр үндэслэн боловсруулдаг.

Эрүүл амьдралын хэв маягийг бий болгох зорилгоор дараах арга хэмжээг авч байна:

  • Эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг хоолны үйлчилгээ болон улирлын аянуудтай хослуулан хэрэгжүүлэх
  • Ажилчдынхаа хоолны өөх тос, давсны хэмжээг багасгаж, хоолны илчлэгийн хэмжээг өнгөөр ялгах
  • Эрүүл мэндийн паспорт аяныг хэрэгжүүлж, сар бүр эсвэл 4 сар тутамд гурван шатлалаар хянаж байна:
    • Эрүүл мэндийн үзлэг хийж, мэдээллийг паспортад тэмдэглэж, холбогдох эрсдэлүүдийн талаар мэдээлэл өгөх
    • Шаардлагатай бол хоол тэжээлийн мэргэжилтнээс зөвлөгөө өгөх
    • Жингээ тохиромжтой хэмжээнд хүргэхэд туслах хувийн бэлтгэлийн багш ажиллаж байна.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр “Оюу толгой” дахь эрүүл мэндийн эрсдэлүүдийн талаар ажилтнуудын мэдлэгийг дорвитой дээшлүүлж чадсан бөгөөд цусны даралт болон чихрийн шижин өвчтэй хүмүүсийг оношилж шаардлагатай тусламжийг үзүүлж байна. Мөн сар тутмын аяны хүрээнд эрүүл мэндийн сэдвүүдийг чухалчлан авч үзэж, ажилтнууд эрүүл хооллоход онцгой анхаардаг болсон.

Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ
“Оюу толгой”-н уурхай нь харьцангуй алслагдмал газарт оршдог учраас ажиллагсдадаа эмнэлгийн яаралтай тусламж авах боломжийг бүрдүүлэх нь чухал байдаг.

“Оюу толгой”-н уурхайн цогцолборт Олон улсын СОС эмнэлгийн клиник байрладаг бөгөөд дараах үйлчилгээг үзүүлдэг:

  • Байнгын ажиллагаатай түргэн тусламжийн үйлчилгээ
  • Олон улсад ажилласан туршлагатай гадаад, дотоодын эмч нар
  • Бүрэн тоноглогдсон сэхээн амьдруулах болон хяналтын хэсэг бүхий яаралтай тусламжийн өрөө
  • Зүрх судасны өвчлөлийг анагаах олон улсын мэргэжлийн стандартыг мөрддөг (Advanced Cardiac Life Support)
  • Дотоод үзлэг оношилгоо
  • Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх.

Мөн төрөл бүрийн онцгой байдал үүссэн үед ажиллахаар бэлтгэгдсэн Гэнэтийн ослын үед хариу үзүүлэх баг манай уурхайн цогцолборт ажиллаж байна.