12.6 км шинэ хатуу хучилттай замын барилгын шавыг тавилаа

"Оюу толгой" компани Оюу толгойн уурхайн хойд хаалганаас Тавантолгойн нүүрс тээврийн зам хүртэлх 12.6 км шинэ хатуу хучилттай замын барилгын шавыг тавилаа.


Хатуу хучилттай энэхүү зам нь Монгол улсын стандартад нийцсэн 2А зэрэглэлийн, чанарын шаардлагад бүрэн нийцсэн бүтээн байгуулалт байх болно. Чанартай байхын зэрэгцээ зорчигчид, мал, амьтанд ээлтэй, аюулгүй бүтээн байгуулалт хийх үүднээс энэхүү замын ус давуулах далан, гарц, гарам зэргийн байршил, бүтцийн талаар орон нутгийн малчид, аймаг, сумын удирдлагатай олон удаагийн уулзалтаар хэлэлцэж, санал бодлыг нь тусгасан.

Замын барилга угсралтын ажлыг энэ ондоо багтааж дуусгах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Заг инженеринг” ХХК, “ЭСТО” ХХК, “Уужим Од” ХХК нар ажиллана.

Тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгынхоо хүрээнд 2016 оноос хойш Говийн Оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтийн 80 хувийг дэд бүтцийн төслүүдэд зарцуулсан бөгөөд үүний 20 хувь нь Ханбогд суманд ногдож байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст, төлөвлөгч, инженерүүдээс эхлээд орон нутгийн үе үеийн удирдлагууд, иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.




“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.