1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг Ойн газарт хүлээлгэн өглөө

“Оюу толгой” компани 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг Ойн газарт хүлээлгэн өглөө


Оюу толгой” компани олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газруудыг дэмжих, хүчин чадлыг сайжруулахыг зорилгоор 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхийорчин үеийн тоног төхөөрөмжүүдийг Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг (ЗГХА) Ойн газарт хүлээлгэн өгч байна.

Тодруулбал, трактор, хошуут анжис, роторт сийрүүлэгч, тарьц ухагч, моторт нүх ухагч, чиргүүл, бортогонд хөрс савлагч, моторт үрлэгч бүхий нийт 10 багцийг хандивлахаар төлөвлөж, өнөөдөр 6 багц буюу нийт 48 ш тоног төхөөрөмжийг нь хүлээлгэн өгч байна.

Эдгээр тоног төхөөрөмжүүдээс онцолбол, сул зогсолтгүй, ямар ч хүнд нөхцөлд үр бүтээлтэй ажилладаг Lovol 1054D загварын трактор нь 105 морины хүчтэй, зүүн Европ руу нийлүүлдэг бөгөөд мод үржүүлэг, ойн аж ахуйн зориулалтаархөрс хагалах, боловсруулах, үрлэх, модны тарьц, суулгацыг хураах болон тээвэрлэхзэрэг зориулалтаар ашиглана.

Мөн Бортогонд хөрс савлагч нь гар ажиллагааг 90 гаруй хувь хөнгөлж, үрсэлгээний хөрсийг минутад 15-20 бортогонд суулгадаг дэвшилтэт шийдэл аж.

Харин хошуут анжис нь газар хагалах төхөөрөмж бөгөөд 1LY-435 загварын 8 иртэй 2023 онд үйлдвэрлэгдсэн анжис байна. Энэ анжисны хувьд технологи шингэсэн хамгийн сүүлийн үеийн загвар бөгөөд гол онцлог нь 2 талдаа хагалж, тракторын явах замыг 2 дахин багасгаж өгдөг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөдөлгөөн нь маш том амбицтай зорилт бөгөөд үүнд хүрэхэд багагүй сорилт бэрхшээлийг даван туулах, суурь баазаа бэхжүүлэхэд хамтын ажиллагаа хамгаас чухал билээ. “Оюу толгой” компани өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар болон үржүүлэг, нөхөн сэргээлт эрхэлдэг аж ахуйн нэгжид нэн шаардлагатай байдаг тоног төхөөрөмжүүдээс төлөөлүүлэн өгч, өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаа нь энэхүү хөтөлбөрийг бодит үр дүнд хүргэхэд оруулж буй бидний хамтын ажиллагааны нэг илрэл юм.

2021 оны 11 дүгээр сард “Оюу толгой” компани нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин Монгол Улсын засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийлж “Нэг зуун сая мод” тарьж ургуулах, амлалт өгсөн. Үүнээс нийт 63.5 сая модыг тарьж ургуулан, “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардлын норматив”-д үндэслэн 40 сая модтой дүйцэх хөрөнгө оруулалтыг ойжуулалтын ажлын бэлтгэл, боловсон хүчин, мод үржүүлэг, ойжуулалтын ажлын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд илүү анхаарал хандуулан, нөөц, бааз сууриа бэхжүүлэх ажлуудыг түлхүү гүйцэтгэж байна.








“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.