Өмнөговь аймгийн “Говийн байгаль, түүхийн музей” Даланзадгадад нээлтээ хийлээ
Өнөөдөр “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн 10.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан Өмнөговь аймгийн “Говийн байгаль, түүхийн музей” Даланзадгадад нээлтээ хийлээ. Энэхүү музей дэлхийн стандартад нийцсэн засал чимэглэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон танхимууддаа 4,000 гаруй үзмэр, эд өлгийн цуглуулгатай. Өмнөговь аймгийн нутагт одоогоос 4,500-5,000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий “Цахиуртын хөндий”, “Оцон мааньт”, “Баянзаг”, “Чоно шургуул”, “Төгрөгийн ширээ” зэрэг газруудаас олдсон эртний болон палеонтологийн олдворууд мөн говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд дархчуудын бүтээлийн дээжис музейд байрлажээ. Мөн “Ноён Сэврэй”-н дархчуулын дахин давтагдашгүй хийц бүхий мөнгөн аяга /аймгийн есөн гайхамшгийн нэг/ гоёл чимэглэл, сав суулга, шашны эдлэл хэрэглэл, шүтээн зураг, хөгжмийн зэмсгүүдээс гадна чулуун зэвсгийн үеэс хүрэл, төмрийн үеийн олдворуудтай энд танилцах боломжтой. Та бүхэн Өмнийн говиор аялахдаа эртний үлэг гүрвэл, хүн төрөлхтний өлгий нутгийн нууцыг эндээс олж нээгээрэй.
“Оюу толгой” компани 2016 оноос хойш Өмнөговь аймгийн түүх, соёлын хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд зориулж долоон тэрбум төгрөгийг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аар дамжуулж зарцуулсан байна.
“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)
“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.
"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.