Хамтын ажиллагааны гэрээ
Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумууд болон "Оюу толгой” ХХК хоорондын Хамтын ажиллагааны гэрээ 2015 оны дөрөвдүгээр сарын 22-нд Даланзадгад хотноо байгуулагдсан болно.
Хамтын ажиллагааны гэрээ нь “Оюу толгой” ХХК орон нутгийн байгаль орчин, ус, уламжлалт мал аж ахуй, бэлчээрийн менежментийг сайжруулах, үндэсний түүх, соёлын өвийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээрээс бараа үйлчилгээ худалдан авах зэрэг үндсэн чиглэлүүдээр дэмжлэг үзүүлэх, аймаг орон нутгийн зүгээс Оюу толгой төсөл, “Оюу толгой” ХХК-ийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахад цаашид талуудын баримтлах зарчим, нөхцөлийг тодорхойлсон баримт бичиг юм.
Гэрээний хүрээнд “Оюу толгой” ХХК “Хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан жил бүр 5 сая ам.долларын санхүүжилт хийх бөгөөд дээр дурдсан чиглэлүүдээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд уг хөрөнгийг зарцуулах юм.
Хамтын ажиллагааны гэрээг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль болон “Оюу толгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу байгуулсан юм. Нөгөөтэйгүүр, “Оюу толгой” ХХК нь Хамтын ажиллагааны гэрээг өөрийн үйл ажиллагааны нэг гол бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж, орон нутгийн тогтвортой хөгжлийг ханган, ирээдүй хойч үедээ зориулан эрүүл мэнд, боловсрол, ажлын байр, үнэ цэнэ бий болгоход өөрийн хувь нэмрийг оруулахыг чухалчилж байна.
Та бүхэн доорх холбоосоор дамжуулан гэрээтэй бүрэн эхээр танилцах боломжтой.