Баяжуулах үйлдвэрээс гарсан баяжмалыг “Монголд үйлдвэрлэв” шошготой хоёр тоннын уутанд савлаж машинд ачна. Баяжмал ачсан машинуудын цуваа Оюу толгойн уурхайгаас 80 км-ийн зайд орших Гашуун сухайт хилийн боомт руу явна. Хэрэглэгчид хил дээрх агуулахаас баяжмалаа авах бөгөөд үнийн дүнг бүтээгдэхүүн дэх металлуудын агууламж дагуу тооцдог. Төлбөрөө авсны дараа нөөц ашигласны төлбөрийг Засгийн газарт төлдөг.
Худалдан авагч тал Оюу толгойн уурхайгаас ирсэн баяжмалыг хайлуулах үйлдвэрт цэвэршүүлэн боловсруулж зэс, алт, мөнгийг нь ялган авч цааш төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглана.
Зэсийн салбарын хариуцлагатай үйлдвэрлэгчийг тодруулдаг "Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч" батламжаар “Оюу толгой” компанийг 2020 оны 10 сард шагнасан. ‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’-ийн батламжийн болзлыг хангахын тулд хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулдаг гэдгээ нотлон Ашигт малтмалын хариуцлагатай эх үүсвэрийн бодлого зэрэг 30 гаруй шалгуур үзүүлэлтийг хангасан.
Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч буюу The Copper Mark нь зэсийн салбарын хариуцлагатай үйлдвэрлэлийг тодруулдаг анхны бөгөөд өдгөө байгаа цор ганц хөтөлбөр юм. “Олон улсын зэсийн холбоо”-ноос харилцагчид, ТББ, зэс үйлдвэрлэгчдийн саналыг тусган анх санаачилж байсан хөтөлбөр нь олон оролцогч тал бүхий зөвлөлтэй бие даасан байгууллага болон өргөжин ажиллаж байна.
Хөтөлбөрийн хүрээнд Оюу толгойн үйл ажиллагаандаа баримтлах зарчим, нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр болон байгаль орчны нөлөөллийг хэрхэн удирдан хянаж байгаатай холбоотой олон амлалт, үүргийг хүлээдэг.
Монгол Улсын урт хугацааны хөгжил, тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжихэд Оюу толгой чухал үүрэг хүлээж байгаа гэдгийг тодотгож өгдөг бодлого, журам, арга барилуудад эдгээр үүрэг амлалт тусгалаа хэдийн олсон байна.
Манай бүтээгдэхүүний гол
орц болох зэсийг юунд хэрхэн ашигладаг талаар "зэс ба түүний хэрэглээ" хуудаснаас уншина уу.