Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Уул уурхайн геотехникийн мэргэжил олгох, олон улсын судалгааны төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо

Монгол Улс, Улаанбаатар хот,

Оюу толгой компани, Рио Тинто болон ШУТИС-тай хамтран хэрэгжүүлэх Уул уурхайн геотехникийн мэргэжил олгох, олон улсын судалгааны төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

2025 оныг дуустал хэрэгжих энэхүү төслийн хүрээнд Рио Тинто болон Оюу толгой компаниас 2.75 сая ам.долларын санхүүжилт гаргаж байгаа юм. Хамтын ажиллагааны гэрээнд Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес, ШУТИС-ийн ректор Б.Очирбат нар гарын үсэг зурсан. Энэхүү түүхэн үйл явдлын гэрчээр Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяа, Рио Тинтогийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд, цахимаар Рио Тинтогийн Зэсийн группийн Өсөлт, Хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, Оюу толгойн гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондер нар оролцов.

Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал “Рио Тинто групп 148 жилийн турш хүн төрөлхтний хөгжил дэвшилд нэн шаардлагатай чухал материалуудыг үйлдвэрлэж, салбартаа олон улсад тэргүүлэгчдийн нэг байсаар ирсэн. Энэ амжилтын маань нэгээхэн чухал хэсэг нь манай чадварлаг инженер, техникийн ажилчид, энэ дундаа геотехникийн баг байсаар ирсэн. Дараагийн чадварлаг багийн гишүүдээ Монголоос бэлтгэдэг болж байгаад, мөн дэлхийд өрсөлдөх чадвартай уул уурхай, геотехникийн инженерийг бэлтгэх суурь тавигдаж байгаад Монгол хүний хувьд тун баяртай байна. Монголд төдийгүй Австрали, Америк гээд Рио Тинтогийн олон улс дахь бусад уурхайд мэргэжил дээшлүүлэх, гүний уурхайн нарийн мэргэжил эзэмшүүлэх боломжийг олгох энэхүү хөтөлбөр нь их сургууль, уул уурхайн салбарын хөгжилд түүчээлэгч нь болж чадна гэж найдаж байна.” гэж хэллээ.


Оюу толгой төслийн хувьд хайгуулын шатнаас эхлэн Монголд геотехникийн бүхэл бүтэн багийг ил уурхайд ажиллуулж, сүүлийн үеийн геофизикийн тоног төхөөрөмжөөр өрмийн цооногт хэмжилт хийсээр ирсэн нь Оюутолгойд геотехникийг маш чухалд тооцдогийн илрэл юм. Эдгээр ур чадвар нь хүмүүсийн аюулгүй байдал, үйл ажиллагааны аюулгүй байдал, үйл ажиллагааны урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. “Оюу толгойн ордын нийт нөөцийн 80 орчим хувь нь байршдаг гүний уурхайд тухайн чулуулгийг блокчлон олборлож болох эсэх, физик технологийн шинж чанар, тогтворжилт болон бэхэлгээний дизайныг геотехникийн судалгаагаар тооцоолж гаргадаг. Тэгэхээр уул уурхайн, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт гээд олон салбарын амин сүнс болсон геотехникийн мэргэжилтнийг Монголд бэлтгэдэг болж байгаад туйлын баяртай байна.” гэж Оюу толгойн компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес хэлсэн юм.

“Уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлэх томоохон сургуулиуд л геотехникийн тусгайлсан тэнхимтэй байдаг. Манайд бол 1975 оноос хойш инженер геологич мэргэжлийн инженерүүдийг бэлтгэж байна. Эдгээр инженерүүд нь Оюу толгойн далд уурхайн геотехникийн бүхий л ажил үүргийг гүйцэтгэж ирсэн. Харин Рио Тинто болон Оюу толгой компанийн санхүүжилтээр ийнхүү манай ШУТИС геотехникийн чиглэлээр олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөртэй болох гэж байна. Ингэснээр бид Азидаа өрсөлдөхүйц хэмжээний судалгааны төв болох зорилгоо биелүүлэхэд нэг алхам ойртоод зогсохгүй дан ганц Монголоос гэлтгүй дэлхийн бусад орноос ч бас энэ чиглэлээр оюутан элсүүлж, уул уурхайн мэргэжилтнүүдийг бэлтгэх боломжтой болох юм. Энэ төсөл нь их сургууль, компанийн түншлэлээр дамжуулан сургалт судалгааг хөгжүүлэх шинэ гарцыг эхлүүлж буй нь Монголын дээд боловсролд томоохон алхам болж байна” хэмээн ШУТИС-ийн ректор, доктор, профессор Б.Очирбат хэллээ.

Төслийн тухай

2019 оны дөрөвдүгээр сарын 19-нд Оюу толгой ХХК болон ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль хамтарч, уул уурхайн гүний уурхайн мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх хоёр жилийн хугацаатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байдаг. Энэ хүрээнд Монгол анхны геотехникийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг санаачилж, одоогоор 25 оюутан нэгдүгээр курстээ амжилттай суралцаад байна. Уул уурхайн амин сүнс болсон геотехникийн мэргэжилтний чадамжийг дээшлүүлэхэд Рио Тинто, Оюу толгой компанийн 2.75 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон нь боловсролын салбарт хувийн хэвшлээс оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт болж байна. Үүнээс 300 мянган ам.долларын санхүүжилтээр Оюу толгой компаниас ШУТИС-д чулуулгийн анализын цогц лаборатори байгуулахаар төлөвлөж байгаа бол 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гурван талт гэрээний хүрээнд 2.42 сая ам.долларын санхүүжилт олгож байгаа юм. 2025 оныг хүртэлх хугацаанд хэрэгжих энэ төслийн хүрээнд уул уурхай, тэр дундаа гүний уурхайн үйл ажиллагаанд шаардагдах мэргэжилтнүүдийн ур чадварын хомсдол, үйлдвэрлэлд тулгараад байгаа бэрхшээлийг хамтран шийдвэрлэх юм. Уг төсөл хэрэгжиснээр геотехникийн олон улсад магадлан итгэмжлэгдсэн бакалавр болон магистрын сургалтын хөтөлбөрийг Монгол улсад бий болгож, судалгаанд суурилсан сургалтын хөтөлбөрийг хөгжүүлнэ. Үүний үр дүнд:

  • ШУТИС олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэрийн хөтөлбөртэй болно.
  • Ажлын байранд өрсөлдөхүйц өндөр чадамжтай төгсөгчдийг бэлтгэнэ.
  • Уул уурхайн үйлдвэрлэлийн судалгааны гарц нэмэгдэнэ.
  • Уул уурхайн геотехникийн сүүлийн үеийн лабораторитой болно.
  • Олон улстай хамтарсан судалгаа хийх боломж нэмэгдэнэ.
  • Багш нарын мэргэжлийг тасралтгүй дээшлүүлснээр, чадварлаг багш нарын төвлөрлийг бий болгоно.
  • Монгол улсын хэмжээнд тулгамдаад буй дээд боловсролын шинэчлэл, хөгжилд түүчээлсэн жишиг хөтөлбөр болох юм.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.