“Оюу толгой” 2021 оны шилдэг ханган нийлүүлэгчдээ тодрууллаа

Найм дахь удаагаа зохион байгуулж буй “Эрдэнийн говь” шилдэг ханган нийлүүлэгчдийг шалгаруулах ёслолоор “Оюу толгой” компани ханган нийлүүлэгчдийнхээ ололт амжилтыг тэмдэглэж, шилдэг найман компанийг шалгарууллаа. Шилдгээр Өмнөговийн жижиг, дунд бизнесээс эхлээд үндэсний томоохон нэр хүндтэй компаниуд тодорлоо.

2021 онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд зарцуулсан худалдан авалтын дүн тасралтгүй нэмэгдэж, үйл ажиллагааны нийт худалдан авалтын 71 хувьд хүрэв. Нийт 864 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд тэдний 540 нь үндэсний компани байсан юм. 2010-2021 оны хооронд үндэсний худалдан авалтад нийт 4.1 тэрбум ам.доллар зарцуулсан. Өмнөговь аймгаас худалдан авалт жил бүр нэмэгдэж, 2010 онд 0.5 сая ам.доллар байсан бол түүнээс хойш тууштай өсөж, 2021 онд 216 сая ам.доллар болж өссөн түүхэн дээд амжилт тогтоолоо. Ингэснээр 2010-2021 оны хооронд Өмнөговь аймгаас авсан худалдан авалтад нийт 888 сая ам.доллар зарцуулаад байна. Энэхүү өсөлтийн томоохон хэсэг нь Оюу толгойн Гүний уурхайг Үйл ажиллагааны хэсэгт шилжүүлэх явцад орон нутгийн оролцоог аль болох дэмжих стратеги хэрэгжүүлсний нөлөө юм.

“Монголд үйлдвэрлэв” хөтөлбөрийн хүрээнд 2017 оноос хойш нийт 70 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлэн, ханган нийлүүлэлтийн сүлжээг сайжруулан, ойртуулснаас гадна нийт 6.2 сая ам.доллар хэмнэж, 326 тогтмол ажлын байрыг шинээр бий болгон Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ орууллаа.

Цар тахлын нөлөөгөөр үүссэн ханган нийлүүлэлт сүлжээний доголдлыг арилгах хариу арга хэмжээ авч, сөрөг нөлөөллийг бууруулахад голчлон анхаарч ажиллахын зэрэгцээ, 2021 онд нийт таван шинэ бүтээгдэхүүн, гурван сайжруулалт дээр амжилттай ажиллаж нийт 200 мянган ам.доллар хэмнэж, дотоодод үлдэх нэмүү өртгийг 15-аас 60 хувь болгон өсгөлөө.

“Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга, Элчин сайд Г.Батсүх ёслолыг үеэр “Уул уурхайн 100 жилд монгол бүтээгдэхүүнүүдээр бэлэг барьж буй үндэсний үйлдвэрлэгчид болбоос Оюу толгойн дараачийн 100 жилийн хэрэгцээг хангах буянтай их үйлс, их үйлдвэрлэлийн гараан дээр баттай зогсож буйг бэлгэшээн баярлаж байна. Эдгээр болон цаашид төрж бойжих үйлдвэрлэгчдийг экспортын ирээдүй угтаж буйг тэмдэглэе. Энэ нь Оюу толгой, түүний хөгжил, амжилтын түншүүд та бүхний зүгээс Засгийн газрын хэрэгжүүлж буй шинэ сэргэлтийн бодлого, 2050 хүртэлх хөгжлийн стратеги, манай Оюу толгойн 10 жилийн болоод хэтийн хөгжлийн стратегийн зорилгын хэрэгжилтэд оруулж буй, цаашид ч оруулах хувь нэмэр юм.” гэв.

“Оюу толгой” компанийн 2021 онд хамтран ажилласан олон зуун ханган нийлүүлэгчээс нийт 24 компани шилдэг ханган нийлүүлэгч номинацид нэр дэвшиж, дараах компаниуд шилдгээр шалгарлаа:

  • Шилдэгийн шилдэг: МИАТ ТӨҮГ
  • Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч шилдэг ханган нийлүүлэгч: Эм Си Эс Проперти ХХК; Ханбогд Вейст Менежмент центр ХХК
  • Өмнөговийн шилдэг ханган нийлүүлэгч: Ханбогд Хурд ХХК
  • Үндэсний шилдэг ханган нийлүүлэгч: Хаанзаа Сервис ХХК
  • Дотоодод нэмүү өртөг бий болгосон шилдэг ханган нийлүүлэгч: Ханбогд Индастри ХХК
  • Гүйцэтгэх захирлын нэрэмжит шагнал: Тера Экспресс ХХК
  • Өөрчлөлт, шинэчлэлийг түүчээлэгч шилдэг ханган нийлүүлэгч: Сэндвик Монголиа ХХК

Энэхүү ёслол нь зөвхөн шилдэг найман ханган нийлүүлэгчийг тодруулсан төдийгүй аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоож, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах эрхэм зорилгоо бататган харуулсан чухал үйл явдал боллоо.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.