Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

"Оюу толгой" компани 30 оюутанд тэтгэлэг гардууллаа

Монгол Улс, Улаанбаатар хот,

“Оюу толгой” компани өнөөдөр 2020-2021 оны хичээлийн жилд тус компанийн тэтгэлэгээр суралцахаар шалгарсан 30 оюутанд тэтгэлэг хүртсэн батламжийг нь гардуулж өглөө. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Оюу толгой компанийн зүгээс хүүхэд залуусын боловсролыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрт нийт 3,252 оюутан залуус хамрагдсан байна.

“Оюу толгой” компанийн тэтгэлэг хөтөлбөрт тухайн оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрөөс гадна сар бүрийн амьжиргааны зардал, хөдөө орон нутгийн оюутнуудад дотуур байрны зардлыг нэмэлтээр олгодог.

Энэ жилийн хувьд “Оюу толгой” компани тэтгэлэг гардуулах ёслолоо цахим хэлбэрээр зохион байгуулж, дотоодын их дээд сургуульд тэтгэлгээр суралцах эрхийг 20 оюутан, “Оюу толгой” ба Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн хамтарсан уул уурхайн Геотехникийн шинэ ангид тэтгэлгээр суралцах эрхийг 10 оюутанд тус тус гардуулсан юм. Энэхүү хөтөлбөрийг “Оюу толгой” компани болон ШУТИС-ийн хооронд байгуулсан “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн хүрээнд энэ жилээс шинээр эхлүүлсэн бөгөөд Оюу толгой уурхайн нөөц бололцоог ашиглан дэлхийд өрсөлдөхүйц геотехникийн инженерүүдийг дотооддоо бэлтгэх хэтийн зорилготой юм.
Дашрамд дурдахад “Оюу толгой” компани тэтгэлэгт тэнцсэн оюутнуудаа залуусын хөгжлийн хөтөлбөрт давхар хамруулж хувь хүн, залуу мэргэжилтэн болж өсөж хөгжих боломжийг олгодог байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.