“Оюу толгой” компани боловсролын хөтөлбөрүүдээ зарлалаа

“Оюу толгой” компани боловсрол, хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагаагаа сургууль, коллежийн барилга барьж, тохижуулахаас эхлээд сургалтын хөтөлбөр хамтран боловсруулах, тэтгэлэгт хамруулах зэргээр өргөн хүрээнд зохион байгуулдаг билээ. Манай компаниас зарладаг тэтгэлэгт хөтөлбөрүүд нь ахлах ангийн сурагчийн ширээнээс ажлын талбарт гарах хүртэлх бүхий л түвшнийг хамардгаараа онцлогтой. 2010 оноос хойш өнөөг хүртэл нийтдээ 3,000 гаруй оюутан, залуусыг хөтөлбөрүүддээ хамруулаад байна.
Бид 2021-2022 оны хичээлийн жилд таван төрлийн хөтөлбөрөө зарлаж байгааг дуулгахад таатай байна. Шинэ хичээлийн жилд нийтдээ 78 оюутан, сурагчдыг хөтөлбөрүүддээ шалгаруулан авна. Материалыг 2021 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2021 оны аравдугаар сарын 15 хүртэл хүлээн авна.

  • Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр – Дотоодын их дээд сургуулийн 2-4 курст уул уурхайн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан бүрэн тэтгэлэг. 2011 оноос хойш нийт 345 оюутныг дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулжээ. Энэхүү тэтгэлэг нь зөвхөн сургалтын төлбөрөөр хязгаарлагдахгүй сар бүр амьжиргааны зардал олгодог бол хөдөө орон нутгийн оюутнуудад дотуур байрны зардлыг нэмэлтээр олгодог юм. Хөтөлбөрт тэнцсэн оюутнууд “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т давхар хамрагдаж, өөрийгөө хөгжүүлэх, хувь хүнийхээ хувьд өсөж хөгжих боломжтой. Энэ жил 20 оюутан шалгаруулж, тэтгэлэг олгоно.
  • Геотехникийн тэтгэлэгт хөтөлбөр – ШУТИС болон “Оюу толгой” компанийн хамтын ажиллагааны хүрээнд шинээр боловсруулж буй сургалтын хөтөлбөрийн хүрээнд зарлаж буй тэтгэлэг. Энэхүү тэтгэлэг нь уул уурхайн үйлдвэрлэлийн геотехникийн үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх, эрсдэлээс хамгаалах, хянах чадвартай олон улсад өрсөлдөхүйц уул уурхайн геотехникийн инженер бэлтгэх зорилготой. Энэ хичээлийн жилд таван оюутан шалгаруулж авна.
  • Шинэ төгсөгчийн хөтөлбөр – Их сургуулиа төгсөөд удаагүй байгаа залууст ажлын туршлага хуримтлуулах, салбарынхаа шилдэг мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, суралцах боломж бүхий Рио Тинто группийн жишиг хөтөлбөр. Одоогоор шинэхэн төгссөн 140 залуус оюутны ширээнээс шууд дэлхийн хэмжээний уурхайд ажиллаж байна. Тус хөтөлбөр нь дөрвөн жилийн хугацаанд үргэлжилж, оролцогчдоо тухайн салбартаа тэргүүлэх мэргэжилтэн болоход нь шаардлагатай бүхий л нөхцөлийг бүрдүүлж өгдөг онцлогтой. Энэ жил нэмж гурван шинэ төгсөгчийг шалгаруулж авна.
  • Залуусын хөгжлийн хөтөлбөр – Ерөнхий Боловсролын Сургуулийн төгсөх ангийн сурагчдыг чадавхжуулах зорилготой хөтөлбөр. Уг хөтөлбөрт нийт 1,170 гаруй оюутан, сурагчдыг хамруулаад байна. Хөтөлбөрт хамрагдсан сурагчид найман долоо хоногийн турш хувь хүний хөгжлийн сургалтад сууж, багаар хамтран төсөл хэрэгжүүлэх болно. Энэ хичээлийн жилд 50 сурагчийг хамруулна.

Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр – 20 оюутан

Нөхцөл

  • Сургалтын төлбөр
  • Сар бүрийн тэтгэмж (стипенд)
  • Оюутны дотуур байрны төлбөр
  • “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т суралцах боломж

Шалгуур

  • Монгол Улсын иргэн байх
  • Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутан байх
  • Голч оноо 3.2 болон түүнээс дээш
  • Бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх
  • Дараах мэргэжлийн чиглэлээр суралцдаг 2-4 дамжааны оюутан байх:
    • Механикийн инженер
    • Цахилгааны инженер
    • Автоматжуулалтын инженер
    • Инженер-эдийн засагч
    • Геологи, Эрдэс баялгийн менежмент
    • Уул уурхайн инженер, Маркшейдер
    • Баяжуулалтын технологи (хими, металлурги)
    • Сэргээгдэх эрчим хүч, дулааны инженер
    • Геотехник (уул уурхай, дэд бүтэц)
    • Өгөгдлийн шинжлэх ухаан (хэрэглээний математик, статистик)
    • Мэдээллийн технологи
    • Хүний нөөц

Геотехникийн тэтгэлэгт хөтөлбөр – 5 оюутан

Нөхцөл

  • Сургалтын төлбөр
  • Сар бүрийн тэтгэмж (стипенд)
  • Оюутны дотуур байрны төлбөр
  • “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т суралцах боломж

Шалгуур

1-р дамжааны оюутны хувьд:

2-р дамжааны оюутны хувьд:

Шинэ төгсөгчийн хөтөлбөр – 3 шинэ төгсөгч

Шалгуур

  • Шинэ төгсөгч цахилгаан инженер (1)
  • Шинэ төгсөгч механикийн инженер (1)
  • Шинэ төгсөгч маркшейдер (1)

Залуусын хөгжлийн хөтөлбөр – 50 сурагч

Шалгуур

  • Монгол Улсын иргэн байх
  • Нийслэлийн ЕБС-ийн 12-р ангийн сурагч байх
  • Сургалтын үнэлгээ 85 болон түүнээс дээш байх (100 онооны шатлалаар)


ХӨТӨЛБӨРТ МАТЕРИАЛ ИЛГЭЭХ

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.