“Оюу толгой” болон “Рио Тинто” компаниуд тэтгэлэг гардууллаа

“Оюу толгой” болон “Рио Тинто” компани өнөөдөр 2021-2022 оны хичээлийн жилд тэтгэлгээр суралцахаар шалгарсан 31 оюутанд тэтгэлэг хүртсэн тухай батламж гардууллаа. 2010 оноос хойш “Оюу толгой” компанийн боловсролын хөтөлбөрүүдэд 3,600 гаруй орчим оюутан, залуус хамрагдсан байна.

“Оюу толгой” компанийн дотоодын тэтгэлэгт хөтөлбөр оюутны бүтэн жилийн сургалтын төлбөр, сар бүрийн амьжиргааны зардал, хөдөө орон нутгийн оюутнуудад дотуур байрны зардлыг нэмэлтээр олгохоос гадна шалгарсан оюутнуудаа хувь хүний хөгжлийг дэмжих сургалт болох “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-төө давхар хамруулан залуу мэргэжилтэн болж өсөж, хөгжих боломжийг оюутнууддаа олгодог онцлогтой.


Энэ жилийн хувьд “Оюу толгой” компаниас дотоодын их дээд сургуульд тэтгэлгээр суралцах эрхийг 22 оюутанд, “Оюу толгой” болон “Рио Тинто” компанийн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-тай хамтарсан Геотехникийн хөтөлбөрт тэтгэлгээр суралцах эрхийг есөн оюутанд тус тус гардууллаа. Дэлхийд өрсөлдөхүйц геотехникийн инженерүүдийг дотооддоо бэлтгэх хэтийн зорилготой эл хөтөлбөрийг 2.7 сая ам.долларын хөрөнгөөр “Оюу толгой” болон “Рио Тинто” компаниуд санхүүжүүлж, ШУТИС-тай хамтран хэрэгжүүлж байна. 2021 оноос эхэлсэн таван жилийн хугацаатай хамтын ажиллагааны хүрээнд уурхайн үйлдвэрлэлийн бүтээмж, тогтвортой байдал, аюулгүй ажиллагааг дээшлүүлэхэд чиглэсэн судалгааны ажлыг дэмжих уурхайн судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийг энэ жил зарласан. Судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн хувьд нийт 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр уул уурхайн судалгаанд хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Эхний жилд нийт 13 судалгааны төслийн санал ирүүлснээс дараах дөрвөн төслийг шалгаруулж, санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ.

- Агуйлан олборлолт гадаргуутай огтлолцох үед гадаргуугийн суултад нөлөөлөх нөлөөллийг
цахилгаан эсэргүүцлийн томограф төхөөрөмж ашиглан тодорхойлох аргачлал
- Баяжуулах үйлдвэрийн металл хийцүүдийн бат бэх, найдварт ажиллагааг үнэлэх арга зүйг
боловсронгуй болгох
- Далд уурхайд GPS-гүй орчинд инерцийн мэдрүүрт тулгуурласан хүний байршил
тодорхойлох системийн судалгаа
- Далд уурхайн хагарлын нэвчүүлэлтийн структур

Тэтгэлэгт хөтөлбөр болон судалгааны санхүүжилтэд шалгарсан оюутнууд, багуудад баяр хүргэж, цаашдын ажил сурлагад нь амжилт хүсье.


“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.