Оюу толгойн уурхайчид Монголд үйлдвэрлэсэн хөдөлмөр хамгааллын гутал хэрэглэх боломжтой болж байна
"Оюу толгой” компани “Монголд үйлдвэрлэв” худалдан авалтын стратегийнхаа хүрээнд Монгол Улсын анхны хувийн гутлын үйлдвэр болох “Хос-Аз” ХХК-тай хөдөлмөр хамгааллын гутал ханган нийлүүлэх гэрээ байгууллаа. Гурван жилийн хугацаатай, 2.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий уг гэрээний хүрээнд жилдээ 5,000 хос, “S3” олон улсын стандартын хөдөлмөр хамгааллын гутлыг Оюу толгойн уурхайд нийлүүлэх юм. “Хос-Аз” ХХК-тай байгуулж буй энэхүү гэрээнд гарын үсэг зурахад "Рио Тинто” группийн “Зэс, очир эрдэнийн групп”-ийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат оролцсон юм.
Жилдээ ажлын 100 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай, 80 гаруй ажилчинтай тус компанитай гэрээ байгуулснаар Монголд үйлдэрлэсэн анхны олон улсын стандарт хангасан шинэ бүтээгдэхүүн бий болж, ханган нийлүүлэх хугацаа богиносож, нэмүү өртөг өсөн нэмэгдэж байна.
Бүтээгдэхүүний чанар стандартыг олон улсын итгэмжлэгдсэн лабораторид шалгуулж, холбогдох туршилт, сайжруулалтыг хийлгүүлэн олон улсын чанар стандартад нийцэж буй эсэхийг дахин нягталж шалгаж үзсэний үр дүнд ийнхүү Оюу толгойн уурхайчид Монголд үйлдвэрлэсэн хөдөлмөр хамгааллын гутал хэрэглэх боломжтой болж байна.
“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)
“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.
"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.