Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Оюу толгойн уурхайн цахилгаан эрчим хүчний зарим хэрэглээг дотоодоосоо хангаж эхэллээ

Монгол Улс, Улаанбаатар хот,

2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр “Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК болон “Оюу толгой” ХХК-ийн төлөөлөл “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Ёслолын үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: “Монгол Улсын Засгийн газраас Өмнөд бүс, говийн стратегийн орд газруудын цахилгааны хэрэглээг дотоодын эрчим хүчний системээс хангах зорилгоор 220 киловольт /кВ/-ийн дөрвөн дэд станц, 670 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж дуусаад байна. “Оюу толгой” ХХК-тай байгуулсан “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” нь эдийн засагт эерэг үр дүн авчрах юм” гэв.


Харин “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Энэхүү гэрээг байгуулсан нь манай компанийн хувьд маш чухал үйл явдал болж байгаагийн зэрэгцээ дотоодоос авах эрчим хүчний хэмжээгээ нэмэгдүүлэх манай хүчин чармайлтын нэг илэрхийлэл болж байна. Бид цаашдаа ч “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын гэрээ,” “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын нэмэлт, өөрчлөлтийн гэрээ”-ний хүрээнд нөөц боломжуудыг эрэлхийлэн Эрчим хүчний яамтай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно” гэлээ.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.