Нийгмийн хариуцлага

"Оюу толгой” компани харилцан хүндлэл, идэвхтэй хамтын ажиллагаа болон урт хугацааны зорилго дээр суурилсан тогтвортой, сайн хөршийн харилцааг үйл ажиллагаагаа явуулж буй орон нутагтаа бэхжүүлэхийг зорьдог. Уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчин, орон нутагт учирч болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөллийг урьдчилан тооцож, аль болох багасгах арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь компанийн нийгмийн хариуцлагын чухал хэсэг бөгөөд “Оюу толгой” компани иргэдийн санаачилга, оролцоон дээр тулгуурласан эдийн засаг, нийгмийн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж байна.

Нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэх зорилгоор удирдлагын нэгдсэн систем бүрдүүлэн ажиллаж байна. Компанийн нийгмийн хариуцлагын бодлого, стандартыг Монгол Улсын хууль, дүрэм, журам, “Рио Тинто” групп болон олон улсын бусад байгууллагын шаардлагад нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлж байна. “Оюу толгой” компанийн бодлого, стандартад “тогтвортой хөгжил”-ийн зарчим баримтлахыг заадаг бөгөөд ингэхдээ

  • байгаль орчны талаар хүлээсэн үүргээ ухамсарлаж, үлгэр жишээ манлайлал үзүүлэх,
  • нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах,
  • компанийн болон үйл ажиллагаагаа явуулж буй орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжин бэхжүүлэх,
  • компанийн засаглал, ёс зүй, хууль дүрмийн хэрэгжилтийг чанд хангах зэргийг эн тэргүүнд авч үздэг.

“Оюу толгой”компанийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин болон орон нутгийн бодлогыг эндээс үзнэ үү.