Монгол Улсын дотооддоо бэлтгэсэн анхны геотехникийн инженерүүд дипломоо гардан авлаа

2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар, Монгол Улс – Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Рио Тинто групп, “Оюу толгой” компани хамтран Монгол Улсад анх удаа уул уурхайн амин сүнс болсон геотехникийн инженерүүдийг бэлтгэж, өнөөдөр анхны төгсөгчдөдөө бакалаврын диплом гардууллаа. Ингэснээр уул уурхайн нарийн мэргэжлээр сурах сонирхолтой залуус эх орондоо дэлхийн жишигт нийцсэн мэдлэг боловсрол эзэмшин, цаашид Оюу толгой төдийгүй олон улсын томоохон уурхайд ажиллах суурь нөхцөл бүрдэж байна.

Геотехникийн инженер нь ашигт малтмалын орд, уул уурхай, барилга байгууламжийн хөрс чулуулаг, газрын гадаргын тогтцыг үнэн зөв тодорхойлох, зураг төсөл боловсруулахад шаардагдах инженер-геологийн үзүүлэлтүүдийг нарийвчлан тогтоох, цаашдын хувиралт, өөрчлөлтөд үнэлэлт өгдөг уул уурхай болон барилгын салбарт өндөр ач холбогдолтой мэргэжил юм.

2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү хөтөлбөр нь 2.42 сая ам.долларын санхүүжилттэй бөгөөд өдгөө ШУТИС-д нийт 100 гаруй оюутан суралцаж байна. Цаашид магистрын хөтөлбөр нэвтрүүлэх, олон улсад магадлан итгэмжлүүлэх, багш нарыг чадавхжуулах, судалгааны төв байгуулах хэтийн зорилготой.

Уг хөтөлбөрийн хүрээнд Компьютерын лаборатори ШУТИС-д хүлээлгэн өгсөн бол “Оюу толгой” компанийн нэмэлт 366 мянган ам.долларын санхүүжилтээр Чулуулгийн лаборатори мөн байгуулсан байна. Энэхүү лабораториуд нь оюутнууд мэргэжлийн программ хангамж ашиглаж сургалт судалгаа хийх, Монгол орны байгалийн тогтоц, чулуулгийн бүтцийн онцлогийг илүү нарийвчлан судалж, үйлдвэрлэлд ашиглах бодит боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлогтой.

Рио Тинто групп, “Оюу толгой” компани нь Монгол Улсын уул уурхайн салбарт эрэлт хэрэгцээтэй мэргэжилтнүүдийг сургах, дээд боловсролын хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн санал санаачилга, үйл ажиллагааг дэмжин ажилладаг бөгөөд уг зорилгын хүрээнд боловсролын салбарын шинэчлэл хөгжилд түүчээлсэн олон улсын жишиг хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлнэ.




“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.