Зам тээврийн ослоос үүдэлтэй хүүхдийн нас баралт 33.3 хувиар буурчээ

“Оюу толгой” компани аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, “Тэг осол зөрчил” уриатайгаар бүхий л үйл ажиллагаагаа явуулдаг. Зам тээврийн осол Монгол Улсын хүн амын нас баралтын зонхилох шалтгааны нэг байсаар байгаа бөгөөд “Оюу толгой” компани 2019 оноос хойш гурав дахь жилдээ зам тээврийн ослын улмаас иргэдийн амиа алдах, гэмтэх эрсдэлийг бууруулах нөлөөллийн ажлыг ЦЕГ-тай хамтран хэрэгжүүллээ.

Бид “Яараад яахав дээ”, “Дураараа бишээ дүрмээрээ” аянуудыг 2019-2020 онд орон нутгийн замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, жолооч, зорчигчдын замын хөдөлгөөний аюулгүй байдлын дадал зуршлыг сайжруулах, бие биеэ хүндэтгэн замын хөдөлгөөнд оролцох соёлыг дэлгэрүүлэх чиглэлээр хэвлэл мэдээллийн болон бусад олон нийтийн сувгуудаар дамжуулж нөлөөллийн ажлыг хийж, Чойр, Дархан, Сэлэнгийн замд хурд хэмжигч байрлуулах зэргээр ЦЕГ-ийн бүх аймаг, сум дахь салбаруудтай нягт хамтран ажилласан. Харин 2021 онд бид бага насны хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалах, зориулалтын суудал дээр хүүхдийг тээвэрлэх хэвшлийг бий болгох, дэмжих зорилго бүхий “Ирээдүйгээ Хамгаалъя” аяныг өнгөрсөн хоёр сарын хугацаанд хэрэгжүүлж, аяны үр дүнд зам тээврийн нийт осол таван хувь, гэмтэл бэртэл 25.2 хувь, нас баралт 33.3 хувь буурсан бол хүүхдийн гэмтэл бэртэл нэг хувь, нас баралт 33.3 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарлаа. Түүнчлэн бидний өмнө суулгасан хурд хэмжигчид үр дүнтэй байсан тул ирэх 10 дугаар сард орон нутгийн замд дахин хоёр ширхэг хурд хэмжигчийг суурилуулах юм.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Манай хамт олны хамгийн чухал үнэт зүйл болсон аюулгүй ажиллагаа, нэгнээ аюул ослоос хамгаалдаг соёл ЦЕГ-ийн нөр их дэмжлэг, хөдөлмөрийн үр дүнд зам тээврийн ослоос Монголчуудыг хамгаалах үндэсний хэмжээний аянд тусгалаа олж байгаад миний бие туйлын таатай байна. Гурван жилийн турш хийсэн олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажил маань цаашдаа гучин жил үр дүнгээ өгөх өөрчлөлтийг авчирсан гэдэгт найдаж байна.” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Эрсдэлээс сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр зам тээврийн аюулгүй байдлыг хангаж өөрийгөө, хайртай хүмүүсээ, нийгмийг өргөн хүрээгээр аюул ослоос хамгаалах бүрэн боломжтой юм. Урьдчилан сэргийлэх боломжтой нөхцөлд эрдэнэт хүний амь эрсдэхээс хамтдаа сэргийлцгээе!

Хамтын ажиллагааны талаар

  • “Яараад яахав дээ”, “Дураараа бишээ дүрмээрээ” аянуудыг ЦЕГ, “Оюу толгой” компани санаачлан, 2019 онд хамтран хэрэгжүүлсэн. ЦЕГ-ын тоон мэдээллээс харахад, өнгөрсөн жил орон даяар гарсан зам тээврийн ослын тоо өмнөх жилтэй харьцуулахад 14.2 хувиар буурсан байна.
  • Осол ихээр тохиолддог Говьсүмбэр аймгийн Чойр сумын замд хурд хэмжих хяналтын төхөөрөмж суурилуулсан нь зорчигчдыг осолд орох эрсдэлийг бууруулахад нөлөөлсөн үр дүн гарсан байна.
  • ЦЕГ-тай хамтран хэрэгжүүлсэн дөрвөн аяны үр дүнтэй энэ холбоосоор орж дэлгэрэнгүй танилцана уу.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.