“Оюу толгой” компани Монголын мэргэжлийн боловсролын салбарт 168 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай томоохон хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хөрөнгө оруулалт дараах гурван чиглэлтэй юм. Үүнд:
- Дэлхийн жишигт нийцсэн мэргэжлийн боловсрол, сургалтын төв барих
- Одоо байгаа сургуулиудыг шинэчлэн сайжруулахад хөрөнгө оруулах
- Дэлхийн жишигт нийцсэн мэргэжлийн боловсролын сургуулийн тогтолцоог хөгжүүлж, шинэчлэл хийх Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжих.
Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд техник, технологийн гурван сургууль шинээр барьж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн дөрвөн төвийг иж бүрэн сайжруулна.
Дэд бүтцийн төслүүд
- Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Техникийн сургалтын төв-ийг 2012 оны 5 дугаар сарын 24-нд нээсэн бөгөөд 3.6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн юм. Уг төвийг сургалт, дадлагын танхимтай техник, тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоногложээ. “Оюу толгой” компани энэ төвөөрөө орон нутагт хэрэгцээтэй мэргэжилтэй ажилтан бэлтгэх, англи хэл, компьютер, менежмент зэрэг сургалтыг урт, богино хугацаатай явуулахаар төлөвлөсөн байна. Үүнд механикч, гагнуурчин, цахилгаан зэрэг мэргэжлээр 20-24 долоо хоногийн дадлага хийх боломж орж байгаа юм.
- Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн сургуулийн өргөтгөл, оюутны байр-ыг 2012 оны 12 дугаар сарын 2-нд нээсэн. “Оюу толгой” компани уг сургуулийн өргөтгөлийг 3.8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн юм. Сургуулийн өргөтгөлийн барилга 240 оюутны хүчин чадалтай, сургалтын дөрвөн танхим, номын сан, компьютерийн өрөөтэй юм. Оюутны байр 108 ортой. Ийнхүү өргөтгөж сайжруулснаар сургалтын орчин, хүчин чадал, тоног төхөөрөмж нэмэгдэж дөрвөн мэргэжлээр сургалт нэмж явуулах боломж бүрджээ.
- Говьсүмбэр аймгийн Политехникийн коллежийн өргөтгөл, оюутны байр-ыг 2013 оны 11 дүгээр сарын 22-нд нээсэн. 3.8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, коллежийг өргөтгөснөөр 950 оюутан хүлээн авах хүчин чадалтай болов. Оюутны байрны зориулалтаар үл хөдлөх хөрөнгө худалдан авснаар 250 оюутан тохилог орчинд амьдрах боломж бүрдэж, 30 багшийн орон сууцны асуудлыг шийдсэн юм. Мөн бүх төрлийн спорт, урлагийн үйл ажиллагаа явуулах боломжтой спорт, урлагийн танхимыг барьж байгуулсан.
- Нийслэлийн Налайх дүүрэг дэх Техник, технологийн жишиг сургууль-ийг 2014 оны 2 дугаар сарын 5-нд хүлээлгэн өгсөн.Техник, технологийн жишиг сургуулийн 400-600 оюутны хичээлийн байр, оюутны дотуур байрны барилга, инженерийн шугам сүлжээ, дэд өртөөний барилга байгууламжийг санхүүжүүлэн барьж, байгуулсан юм. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор уг сургуулийг Монгол-Германы хамтарсан Технологийн сургуулийн мэдэлд шилжүүлсэн юм.
- Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв-ийг өргөтгөж, дотуур байрны барилга барилаа. “Оюу толгой” компани өргөтгөл, дотуур байрны барилгын ажлыг дуусгаж, 2014 оны 10 дугаар сарын 14-нд албан ёсоор ашиглалтад хүлээлгэж өгөв. Өргөтгөл нь бүрэн тоноглосон дөрвөн лаборатори болон цахилгаан, механик, гагнуурын мэргэжлийн дадлагын газруудаас бүрдэнэ. Үүний зэрэгцээ 150 оюутны багтаамжтай дотуур байр барьсан юм.
- Өмнөговь аймгийн Даланзадгад дахь шинэ Уул уурхайн жишиг сургууль-ийн эхний барилгад зориулж 5.5 сая ам.долларын санхүүжилт хийлээ. Уг сургуулийг инженер, техникийн болон мэргэжилтэй ажилтан бэлтгэх Уул уурхайн сургалт, судалгааны жишиг цогцолбор болгох БШУ, Хөдөлмөрийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дэвшүүлсэн саналыг талууд дэмжиж, хүйтэн бүсэд уул уурхай эрхлэх сургалт, судалгааны дэлхийн жишигт нийцүүлж байгуулахаар тохиров.
МСҮТ-үүдийг сургалтын тоног төхөөрөмжөөр хангах
Мэргэжлийн боловсролын салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтын хүрээнд “Оюу толгой” компани бүх аймаг, хотын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 27 төвд 3.2 тэрбум орчим төгрөгийн уул уурхай, инженерийн чиглэлийн тоног төхөөрөмж нийлүүлсэн юм. Үүний зэрэгцээ манай ажилтнууд сургуульд нь очиж, суурилуулж, ашиглах зааварчилгаа өгчээ. Зарим сургуульд тоног төхөөрөмжөө ашиглах иж бүрэн дадлагын төв ч байгуулсан байна.