Ил уурхайтай харьцуулахад эрдсийн өндөр агуулгатай гүний бүлэг орд нь Оюу толгойн ашиг орлогын цөм болох юм. Оюу толгойн орд нь зэс, алт, болон мөнгө агуулсан хэд хэдэн хүдрийн биетээс бүрддэг. Хойноосоо урагш нийт 12 км сунан тогтсон хүдрийн биетүүд нь Хюго Дамметтын хойд бүс, Хюго Дамметтын өмнөд бүс, Оюут болон Херуга хүдрийн биет юм. Бид одоогоор баяжмалаа ил уурхайгаас олборлосон хүдрээс гарган авч байна. Оюу толгойн бүлэг ордын нийт нөөцийн 80 гаруй хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд оршино. Газрын гадаргаас олон зуун метрийн гүнд буй эдгээр хүдрийн биет нь зэс, алтны агуулгаараа дэлхийд томоохонд тооцогддог. Гүний уурхайгаас олборлох хүдэр дунджаар 1.66 хувийн зэсийн агуулгатай.
Эдгээр хүдрийн биет газрын гүнд, тархай байрлалтай учир геотехник болон эдийн засгийн үр ашиг талаасаа блокчлох аргаар олборлоход илүү тохиромжтой. Энэ арга нь хүдрийн биетийн хүндийн жинг ашиглан доороос нь бутлан хүдэр буулгуураар цуглуулан авч, туузан дамжуулгаар газрын гадарга дээр гаргадаг арга юм.
Блокчлон олборлох техникийг ашиглан газрын гүн дэх хүдрийг олборлон гаргахад шаардлагатай нүсэр бүтцийг бид бүтээн байгуулж байна. 6.1 километр урттай таван босоо амаар нэвтрэлт хийж, газрын гадаргуугаас 1.3 километр гүнд 203 километр урт хонгил барихын зэрэгцээ хүдэр бутлах, тээвэрлэх дэд бүтэц, байгууламжуудыг барьж байгуулна.
Блокчлон олборлоход эхний хөрөнгө оруулалтын зардал чамгүй өндөр боловч цаашдын үйл ажиллагааны зардлууд нь олборлолтын бусад аргаас харьцангуй хямд байдаг. Үйл ажиллагааны зардал хямд учир бага агуулгатай эрдэс баялгийг ч үр ашигтай олборлох боломж бүрдэх юм. “Оюу толгой”-н менежментийг хариуцагч “Рио тинто” групп блокчлон олборлох аргаар мэргэшсэн цөөн компаниудын нэг.
Оюу толгойн гүний уурхайн тухай ерөнхий мэдээлэл
Оюу толгойн гүний уурхайн онцлох тоо, баримтууд:
- Оюу толгойн
ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд оршдог
- Олборлолтын
арга: Блокчлон олборлох
- Үйл ажиллагаа:
Гүний уурхай нь 12 цагийн хоёр ээлжээр жилийн 365 өдөр ажиллана.
- Туузан дамжуулагчийн
нийт урт нь 13.2 км буюу Сүхбаатарын талбайгаас Толгойтын өртөө хүрэх
зайтай тэнцэнэ.
- Хамгийн гүн
босоо ам нь “Блю Скай” цамхгийг 12 давхарласантай дүйцнэ.
- Хюго Дамметт ордын хойд бүсэд баригдах хонгилын нийт урт нь 203 км гаруй байна (ихэнх хэсэгтээ 5.5 м өндөртэй, 5 м өргөнтэй).
Блокчлон олборлох гэж юу вэ?
Блокчлон олборлох арга нь уулын даралтын хүч буюу газрын татах хүчийг ашиглан гүний уурхайн хүдрийн биетийг доороос нь нурааж олборлох арга юм. Хүдрийн биетийн доогуур хөндлөн малталт хийж, түүгээр тэслэхэд хүдрийн биет хөдөлгөөнд орж, нурж эхэлнэ.
Тэсэлгээгээр бутарсан хүдрийг бутлуурын хэсэг рүү утгуурт ачигчаар зөөнө. Хүдэр буулгах цэгээс хүдрийг авах тусам дээр нь байгаа хүдэр сулран нурж орж ирнэ. Хүдрийн урсгал нь энэ мэтээр уулын даралт дор тасралтгүй үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг "Оюу толгойн Гүний уурхайн бүтээн байгуулалт" зурагт хуудаснаас үзнэ үү.