“Оюу толгой” ХХК нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай сургалт, боловсролын чиглэлээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт 2010 оны 6 дугаар сард гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд таван жилийн хугацаанд Монгол Улсын ажиллах хүчийг хөгжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог шинэчлэн сайжруулахад чиглэгдсэн хөтөлбөрүүдийг “Оюу толгой” компаниас 126 сая ам.доллараар санхүүжүүлэхээр тусгажээ.
Хөтөлбөрийн хүрээнд хийх ажлууд:
- Боловсон хүчнээ бэлтгэх таван жилийн стратеги төлөвлөгөө хэрэгжүүлэх
- Даланзадгад, нийслэлийн Налайх дүүрэгт Уул уурхайн жишиг сургууль барих
- Өмнөговь аймгийн Ханбогд суманд Техникийн сургалтын төв, Дархан-Уул, Говьсүмбэр аймаг дахь Политехникийн коллежийн өргөтгөл, спорт заал, оюутны дотуур байр барих
- Эрдэнэт, Улаанбаатар, Дархан,Чойр хот дахь мэргэжлийн боловсролын сургуулиудын сургалтын тоног төхөөрөмж, хичээлийн хөтөлбөрийг сайжруулахад хөрөнгө оруулах
- 200 оюутныг дотоодын, 30 оюутныг гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр сургах
“Оюу толгой” ХХК нь мэргэжлийн боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, олон улсад өрсөлдөхүйц чадварлаг мэргэжилтэн бэлтгэхийг чухалчилж байна. Үүний зэрэгцээ дээд боловсролын салбарт хэрэгжүүлж буй оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүдээрээ уул уурхай болон холбогдох салбаруудад ажиллах өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтнүүдийг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байна.