Бид Рио Тинто группийн Гүйцэтгэх захирлын нэрэмжит аюулгүй ажиллагааны тэргүүн шагнал хүртлээ
Оюу толгойн уурхайд зохион байгуулсан “Хамтдаа” амжилт сайшаах хөтөлбөрийн шагнал гардуулах ёслол дээр Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак бизнес үйл ажиллагаанд гаргасан хичээнгүй зүтгэл, аюулгүй ажиллагааны гайхалтай үзүүлэлтийг нь үнэлэн “Оюу толгой”-н Үйл ажиллагааны багийг Гүйцэтгэх захирлын нэрэмжит аюулгүй ажиллагааны шагналын 2017 оны ялагчаар тодрууллаа.
Рио Тинто группийн олон улсад үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй уурхай болон үйл ажиллагааны нэгжүүд дундаас аюулгүй ажиллагаагаар шилдгээр шалгарсан нь Оюу толгой дахь аюулгүй ажиллагааны стандарт дэлхийд тэргүүлэх түвшинд хүрснийг илтгэж байгаа юм.
Хэдийгээр үйл ажиллагааны баг тавхан жилийн өмнө ажлаа эхэлсэн ч энэхүү гайхалтай амжилтад хүрнэ гэдэг Аюулгүй ажиллагааг дээдэлдэг “Оюу толгой”-н гэр бүлийн гишүүн хүн нэг бүрийн шургуу хөдөлмөрийн үр дүн билээ. Нийт Оюу толгойчууддаа баяр хүргэж цаашид анхаарлаа огтхон ч сулруулахгүйгээр эрсдэлийг илрүүлэн ажиллахыг хүсье.
“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)
“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.
"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.