Ажлын хэсгийн явц болон цаг үеийн мэдээлэл

Өнөөдөр буюу 3 дугаар сарын 28-ны өдөр манай ажилтнуудын зарим төлөөлөл хэвлэлийн бага хурал зохион байгуулан цалин хөлсний өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргүүлсэнтэй холбоотой “Оюу толгой” компанийн зүгээс албан байр суурийг хүргэж байна.

Юун түрүүнд “Оюу толгой” компани ажилтнуудтайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тохирсон үндсэн цалин, бусад нэмэгдэл, олговор, хөнгөлөлтүүдэд огт өөрчлөлт оруулаагүй, хувь хэмжээ нь хэвээр байгаа гэдгийг мэдэгдэж байна. Тухайлбал, илүү цагийн нэмэгдэл хөлсийг Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох журмын дагуу тооцон олгож байгаа.

Мөн Монгол Улсад мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомж, “Оюу толгой” компанийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо (“ҮЭХ”)-той байгуулсан хамтын гэрээ, ажилтнуудтайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээний аливаа зүйл заалтыг зөрчөөгүй гэдгийг компанийн зүгээс хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Харин “Оюу толгой” компани Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журмын нэмэлт (Журмын нэмэлт)"-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн ба ингэснээр илүү цаг болон шөнийн ээлжийн нэмэгдэл хөлсийг тооцдог дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа юм.

Дээрх шийдвэртэй холбогдуулан “Оюу толгой” компанийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо (“ҮЭХ”) болон “Оюу толгой” компанийн төлөөллөөс бүрдсэн хамтарсан Ажлын хэсэг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдан, ажиллаж байна.

Ажлын хэсэг энэ хугацаанд Журмын нэмэлтийг хэрэгжүүлэх суурь шалтгааныг тодорхойлох хүрээнд “Оюу толгой” компанийн 2019-2023 оны хоорондох хугацааны буюу сүүлийн 5 жилийн ажиллах хүчний мэдээлэл, ажиллагсдын тоо, цалин хөлсний зардлыг харьцуулан шинжилсэн бөгөөд Ажлын хэсэг дүгнэлтээ нэгтгэн нийт ажилтнууд болон компанийн удирдлагад 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр танилцуулсан.

Тус Ажлын хэсэг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс дараагийн алхам руугаа шилжин орж, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө шийдэл гаргахаар ажиллаж байгааг мэдээлж байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.