Ажилтнууддаа зориулан Тэтгэвэр хуримтлалын сан хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан “2023-2025 оны Хамтын гэрээ”-ний дагуу бид ажилтнууддаа зориулан Тэтгэвэр/хуримтлалын сан хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажил олгогч болон ажилтны зүгээс хамтран хуримтлал оруулахаар тохиролцсон билээ. Улмаар Оюу толгой ХХК-ийн зүгээс оруулах хувь нэмэр 2022 оны 7 дугаар сарын 1-ээс эхэлсэн ба энэ жилээс ажилтнууд маань өөрсдийн хувь нэмрийг оруулж эхэлнэ.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бид салбартаа нэр хүндтэй байгууллагууд болох Хаан банк болон Хас банктай хамтран ажиллахаар болж, эдгээр банкны төлөөллүүдтэй “Тэтгэвэр/хуримтлалын сангийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгууллаа. Ингэснээр манай ажилтнуудад урт хугацааны санхүүгийн баталгаа бий болгох зорилготой Тэтгэвэр/хуримтлалын сангийн үйл ажиллагааг эхлүүлэхэд өндөр ач холбогдолтой алхам болж байгаа ба 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Оюу толгой” ХХК-ийн ажилтнууд маань сандаа хамрагдаж, хуримтлал үүсгэх боломжтой болж байна.









“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.