2010.09.01
МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ – Оюу Толгой ХХК Сурагчийн дэвтэр ТББ-аас санаачилсан хүүхэд залуу үеийн боловсролыг дэмжих, эрүүл мэндийн мэдлэг олгох, байгаль орчноо хамгаалахад уриалах зорилготой хөтөлбөрийг дэмжиж ажиллахаар болсноо өнөөдөр мэдэгдлээ. Компанийн зүгээс хөтөлбөрийн санхүүжилтэнд таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй ерөнхий боловсролын бүх сургуулиудад орон даяар шинээр элсэн орж байгаа 1 дүгээр ангийн бүх сурагчдад хичээлийн дэвтрийг үнэ төлбөргүй түгээх юм.
Сурагчийн дэвтэр ТББ-ын тэргүүн Б.Наранбаатар “Бид эхний ээлжинд Улаанбаатар хотод шинээр 1 дүгээр ангид элсэн орж байгаа 20 мянга орчим сурагч тус бүрт 7 ширхэг буюу нийтдээ 150 мянган ширхэг дэвтрийг тарааж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүжүүлэн дэмжсэн Оюу Толгой Компанийн хамт олонд мянга мянган сурагчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.” гэв.
Хөтөлбөрт хамрагдаж буй Сүхбаатар дүүргийн 3 дугаар дунд сургуулийн бага ангийн багш Оюунчимэг “Дэвтэр бол сурагч хүний толь гэдэг учраас энэхүү дэвтрийг манай сурагчид маш удаан ашиглана. 1 дүгээр ангид дөнгөж зурлага үзэж байгаа хүүхдүүдэд дэвтэр маш их хэрэгтэй байдаг.” хэмээн хөтөлбөрийн ач холбогдлыг дүгнэн хэлсэн байна.
Холбогдох зургийн цомгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.
ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУХАЙ (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгойн үйлдвэрлэл 2013 оноос эхлэх бөгөөд Монголын хамгийн том зэс-алтны уурхай болох болно. Тус компани нь 34%-ийг эзэмшигч Монгол Улсын Засгийн Газар, 66%-ийг эзэмшигч Айвенхоу Майнз болон Рио Тинто компанийн стратегийн түншлэлийн дүнд байгуулагдсан.
Оюу Толгой ХХК нь байгаль орчны шилдэг туршлагыг хэрэгжүүлж, олборлолт боловсруулалтын тэргүүний технологийг нэвтрүүлэн өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч ажилладаг. Бид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, соёлын өв, зан заншлыг хадгалж хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг.
Оюу Толгойд өнөөдрийн байдлаар 3068 Монгол ажилтан ажиллагсад ажиллаж байгаа ба 2000 орчим Монгол компани ханган нийлүүлэгчдийн жагсаалтанд бүртгэгдээд байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу:
Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа
Ц.Ганзориг