2010.08.31

Өмнөговь аймаг, Оюу Толгой – 8 дугаар сарын 28-ны Бямба гаригт Оюу Толгой төслийн гэрээт компанийн гадаад ажилчдын хооронд маргаан гарсан байна. Маргааны улмаас бэртэл гэмтэл учраагүй бөгөөд Оюу Толгой ХХК Ханбогд сумын Цагдаагийн тасагтай маргааныг шийдвэрлэхэд хамтран ажиллалаа.  Цагдаагийн ажилтнууд холбогдох хүмүүсээс тайлбар авч, захиргааны болон эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзжээ. Оюу Толгой төслийн ажилтнууд уг асуудалд холбогдоогүй болно.   

Оюу Толгой төсөл эрүүл мэнд, аюулгүй байдлын чанд хатуу стандартыг мөрддөг бөгөөд дээрхи маргаанд холбогдсон гадаадын 30 ажилтны гэрээг нэн даруй цуцаллаа.

Оюу Толгой төсөл өөрсдийн ажилтан ажиллагсдынхаа аюул, осолгүй ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажилладаг болно.

ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУХАЙ (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгойн үйлдвэрлэл 2013 оноос эхлэх бөгөөд Монголын хамгийн том зэс-алтны уурхай болох болно.  Тус компани нь 34%-ийг эзэмшигч Монгол Улсын Засгийн Газар, 66%-ийг эзэмшигч Айвенхоу Майнз болон Рио Тинто компанийн стратегийн түншлэлийн дүнд байгуулагдсан.
Оюу Толгой ХХК нь байгаль орчны шилдэг туршлагыг хэрэгжүүлж, олборлолт боловсруулалтын тэргүүний технологийг нэвтрүүлэн өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч ажилладаг. Бид  орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, соёлын өв, зан заншлыг хадгалж хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

Оюу Толгойд өнөөдрийн байдлаар 3068 Монгол ажилтан ажиллагсад ажиллаж байгаа ба 2000 орчим Монгол компани ханган нийлүүлэгчдийн жагсаалтанд бүртгэгдээд байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу:

Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа
Ц.Ганзориг
Ажил: +976-11-331880 (дотуур. 3374)